Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад аугаа их сэтгэгчдийн санаа бодол (idea ) хойч үед өвлөгдөж “эерэг болон сөрөг” тайлбаруудаар баяжсаар иржээ. Тухайн цаг үеээсээ урьтаж сэтгэсэн, холыг харсан бодол санаа далайн давлагаанд хөөрөгдөж ил гарах эсвэл дарагдан живэх мэт сарнин алга болох нь хувиран өөрчлөгдөх байгалийн зүй тогтолтой адил ажээ.
“Хүмүүний биеийг эзлэх гэж бүү яарагтун. Сэтгэлийг нь эзлэхтүн.
Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох билээ”
Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад аугаа их сэтгэгчдийн санаа бодол (idea ) хойч үед өвлөгдөж “эерэг болон сөрөг” тайлбаруудаар баяжсаар иржээ. Тухайн цаг үеээсээ урьтаж сэтгэсэн, холыг харсан бодол санаа далайн давлагаанд хөөрөгдөж ил гарах эсвэл дарагдан живэх мэт сарнин алга болох нь хувиран өөрчлөгдөх байгалийн зүй тогтолтой адил ажээ.
Гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй ч хүмүүний толгойд төрсөн санаа бодол олон түмний оюун ухаан, тархи толгойг эзэмдсэн үед, биежиж ахуйг өөрчлөх, ирээдүйг цогцлоох хүч болно.
Эдүгээ бидний амьдрал ахуйг тодорхойлогч санаа бодол хэзээ, хаана, түүхэн ямар нөхцөлд төрж, он цагийн эрхээр хэрхэн хувьсан өөрчлөгдөж, өртөөлөгдөн дамжсаар бидэнтэй учирсан, тэрхүү санаа бодлыг тээгчид нь хэн байсан, юу хэлсэн гэдгийг нарийвчлан судалж, харьцуулан цэгнэх, дүгнэн хэлэлцэхгүй бол буруу замаар олон жил “будаа тээнэ”. Жишээ нь, “социализмын үед” аливаа шинжлэх ухаан, ялангуяа нийгмийн шинжлэх ухаан нь “ангич, намч” байх туйлшралд авдагдан, монголчуудын оюун санааны болон философи сэтгэлгээний түүхийг боймлож, мөн ч их гай, хор хөнөөл учруулсан ба нийгмийн бүх төрлийн харилцааг гажуудуулсан билээ. Социализм, коммунизмын үзэл санаа нь үзэл суртал болон монголд нэвтэрч, 70 гаруй жил энэ нийгмийн байгууллыг бүтээхээр зүтгэсний эцэст “бид чинь буруу социализм байгуулаад байж”, “К.Маркс, В.И.Ленин нар өөр зүйл, өөр санаа бодол дэвшүүлжээ” гэж халаглаад өнгөрсөн. Энэ үйл явц нь монголчуудыг гурав, дөрвөн үеээр нь “туршилтын туулай” болгоод зогссонгүй, энэ нийгмээс үлдсэн сэтгэлгээний гажуудал одоог хүртэл байсаар байна.
Өөр нэг жишээ: Ардчилал гэдэг ойлголт хэзээ, хэрхэн үүссэн бэ? Энэ ойлголт 200 жилийн өмнө үүссэн үү? Эртний грек, ромын ардчилал гэж юу вэ? Ж.Ж.Руссогийн, XX зууны өрнөдийн ардчилал гэж юу вэ? Сталин, Гитлер хүртэл ардчилал гэж ярьдаг байсан. 1990 оны монголчуудын ардчилал гэсэн ойлголт, 33 жилийн дараа ямар агуулга, ямар хэлбэртэй болсоныг ухах, ойлгох чадвар хэрэгтэй байна.
Ж.Ж.Руссог Францын их хувьсгал оюуны ундрага, орчин үеийн ардчилсан үзэл баримтлалын эхийг баригч, үндэслэгч мэтээр ойлгодог. Тэрээр ардчилал (ардын засаг) гэхээс язгууртнуудын (цагаан ястангуудын) засаг илүү дээр, Женев мэтийн жижиг хот улсуудад л иргэд нэгэн зэрэг хууль батлах (буцаах) эрхийг эдлэх боломжтой. Томрох тусмаа, “өргөжилтийн хэмнэлт”-ийн нөхцөлд ардчилал бүтэлгүйтнэ, дүр эсгэсэн хуурамч болно гэж үздэг байжээ. Учир нь томрох тусам хүмүүс бие биенээсээ улам л холдож, хамтын нийтлэг эрх ашгийг умартан, бутарна гэж байв. Зөвхөн жижиг авсаархан улс оронд л ёс суртахуунд тулгуурласан (нутаг усныхан юу гэх бол гэсэн айдас) арилжаа, эдийн засаг үүснэ гэжээ. Том нийгэмд үйдвэрлэгч, хэрэглэгч нар “зүсгүй, нэр хаяггүй” болдог учраас хулхидах, чанаргүй бараа өндөр үнээр зарах, тулгах гэх мэт үзэгдлүүд газар авна. Харин бие биенээ мэддэг, сайн таньдаг газар буруу юм хийвэл тухайн коммюнити – нутаг орныхоны дунд амьдрах аргагүй болно гэх мэт үндэслэл гаргаж байсан Ж.Ж.Руссог орчин цагийн ардчилалын шалгуураар дүгнэн харж болох уу? Ж.Ж.Руссо нь ардчилсан үзэлтэн бус язгууртан, Францын соёл иргэншил, соёл зэргийг системийн хувьд үгүйсгэн шүүмжлэгч байсан ба тухайн нөхцөлд францын хувьсгалыг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй юм.
XX зууны эхэнд МАХН доторх баруунтан, зүүнтний тэмцэл нь сүүлдээ баруунтан, зүүнтний “завхрал” гэж түүхэнд бичигдэх болсон ба хоосон хөрсөн дээр үүсээгүй билээ. Мөн л Францын агуу их хувьсгалын уриа болсон “эрх чөлөө, эв нэгдэл, тэгш эрх”-ийн тухай санаа бодлын нэг илрэл болох социализм, социалист нийгэм байгуулах санаа бодлоос үүдэлтэй.
Чухам тэр гэрэлт ирээдүйгээ байгуулахын тулд өмч хураах, нийгэмчлэх, тэгшитгэн тараах, хуваах, хаах хорих, хувьсгал, манлай нам, ангийн эвлэрэшгүй тэмцэл өрнүүлэх, шинэ нийгэм байгуулахын тулд хуучныг нураах, шинэ хүн бүтээх ёстой, хувьсгалд үйлчлэх хууль байх ёстой гэх мэтээр бодлогоо тодорхойлж, “пролетарийн диктатураар” дамжуулан зүсэн бүрийн дарангуйлалд хөтөлж байв.
Өөр нэг жишээ, либерализм, чөлөөт зах зээлийн эцэг гэгддэг Адам Смитийн гар бичмэл, эх зохиол, өрнүүлэн байсан мэтгэлцээн, солилцож байсан захидал зэргийг судлавал түгээмэл ойлголтоос тэс өөр, танигдахын аргагүй Смит тодорно. Худалдаа, арилжааны нийгмийг тэрээр шүүмжлээд Британийн мерканталист хандлага нь худалдааны хүчирхэг давхарга буй болгосон гэж үзэж байлаа. Чөлөөт зах зээл нь орчин үеийн арилжаа наймааг буй болгосон гэж тэрээр үздэггүй, харин ч чөлөөт зах зээл үгүй байгаа учраас арилжаа худалдаа түгсэн гэж үзэж байжээ. Ж.Ж.Руссогийн буруу нөхцөлд арилжаа наймаа нь тансаглал, шунал тачаалд хүргэх бөгөөд тэдгээр нь ёс суртахуун, мораль, шашныг үгүйсгэн сүйтгэнэ гэсэн дүгнэлтийг А.Смит дэмжиж байжээ.
Ер нь, түүхэн хүмүүс, тэдний санаа бодолийг судлахдаа удам угсаа, төрж өссөн орчин, хүрээлж байсан хүмүүс, уншиж байсан ном, сонсож байсан хөгжим, тоглож байсан тоглоом гэх мэт болон түүний санаа бодлыг тойрон ямар хэлэлцүүлэг, хэрхэн өрнөж байсан, хэн ямар асуудал дэвшүүлж байсан зэргийг нарийвчлан судлах шаардлагатай юм. Эс бөгөөд хэн, чухам юу яриад, ямар санаа дэвшүүлээд байсныг зөв ойлгох аргагүй.
Нийгмийн шинжлэх ухааны судалгаа, улс төрийн үйл ажиллагааны хүрээнд бидний байнга гаргадаг нэг том дутагдал нь шинэ үзэл санааны агуулгыг эсрэг тэсрэгт туйлшруулах билээ. Хар цагаан, эерэг сөрөг, танайх манайх гэх мэтээр нийгмийн нарин төвөгтөй асуудлыг ойлгох нь дэндүү болхи юм. Нэг бол ялна эс бөгөөс ялагдал, сүйрэлд хүрнэ гэх мэтээр туйлшруулан нийгэм улс төрийн харилцаанд хандах нь түүхийг гуйвуулж байгаа тод жишээ. Ийм сэтгэлгээ нь биднийг нэг ёсны хавханд оруулдаг. Мөн дайн дажны нэр томъёогоор оюун санаа, үзэл бодлын цар хүрээний асуудлыг тайлбарлах, шийдэхийг оролдох нь зохимжгүй юм.
Аливаа үзэл санаа бодол нь олон альтернатив хэлбэрүүдийг агуулж байдаг бөгөөд чухам аль давамгайлах нь түүхэн тодорхой обьектив болон субьектив нөхцлөөс хамааралтай. Аливаа санаа бодлыг үзэл баримтлал буюу идеологи, суртал ухуулгын хэрэгсэл болгодог, эрх баригчдын идеологыг хүлээн зөвшөөрөөгүй хэн нэг нь “шуламын ангуучлал”- ын бай болдог өнөөгийн “соёл”-ийг дэвэргэж буй субьектууд гай дуудаж байгаа. 1789 оны Францын их хувьсгал ардчиллаас хоосон чалчаа, цэцэрхэл рүү, террор, иргэний дайнаас цэргийн хунтын ноёрхол руу, улмаар хаант засаглалыг сэргээн байгуулах хүртэл өрнөсөн түүхтэйг мартаж болохгүй.
Ардын, гудамжны хувьсгалаар иргэний болон улс төрийн эрх чөлөөг олж авах нь нийгэм улс орныг сүйтгэдэг гэдэг Францын их хувьсгалаас үлдсэн үндсэн сургамж байгаа. Товчхондоо, гудамж, нийгмийн сүлжээнд хийдэг, хийж буй улс төр сүйрэлд хөтөлдөг жамтай.
Хүн төрөлхтний түүхийн туршид хүний үйл ажиллагаа нь урьдчилан таамаглаагүй үр дагаврыг бий болгож, зохиогчийн гаргасан санаануудыг түүний ойрын сонсогчид болон дагагчид тодорхой хэмжээгээр өөрчилдөг, дараагийн үе удам дамжин дахин дахин засварлан уншиж, зохион бүтээгдэж байдаг. Тэрхүү суут санаа бодолыг хөгжил хөдөлгөөн, түмэн хүчин зүйлсийн уялдаа холбоонд авч үзэх “сав” хүн болгонд заяагаагүй болхоор эрх баригч нар улс төрийн явцуу (өргөн) зорилгодоо нийцүүлэн ярвигтай асуудлыг хялбаршуулан, энгийн уриа, шийдэл болгохыг эрмэлздэг. Жишээ нь, намууд олон хуудас мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцдог хэдий ч түүнийгээ нэг “секси” уриа болгон хялбаршуулдагийг бид мэднэ. Нарийн төвөгтэй асуудлыг энгийн, хэвийн мэт хялбаршуулан “чиний хамаг зовлон зүдгүүрийн сурвалж нь тэд”, тэднийг хоригло, хувирга, үнсэн товорго болго, нухчин дар, айлга, сүрдүүл, бүгдийг нэг хэвэнд оруул гэж мэт тасралтгүй тулгадаг. Ингэхээс “өөр арга байхгүй”, “ингэж л нийгмийг цэвэрлэнэ” гэх мэтээр нэг л сүрхий, миний эрх ашгийг хамгаалсан буянтан үе үе тодордог.
Сэрэмжлүүлэн хэлхэд, бэлэн зэлэн хариутай, “энэ ойлгомжтой”, “илт байна” гэх мэтээр танд ямар нэгэн зүйлийг тайлбарлаж байгаа бол таны тархийг угаах гэж байгаа суртал ухуулагчидтай учирлаа гэж бодоорой. Өөрсдийн эрх мэдлийн төлөөх шунал, аархалдаа таныг эрэг, шураг болгон ашиглах гэсэн суртал номлогчдын арчаагүй тактик гэдгийг ойлгоорой.
Түүх, санаа бодол, үзэл санааг үзэл суртлын болон улс төрийн зорилго, ухуулга сурталчилгааны хэрэгсэл болгох нь нийгмээ намаг, шаварт оруулж байгаа хэрэг. Чухам энэ үед л сэхээтэн, ухаантан, гэгээрүүлэгчдийн дуу хоолой нэн чухал ач холбогдолтой. Чухам энэ үед л шүүмжит сэтгэлгээ, нягтлан шалгах , тунгаан бодох, эргэцүүлэх, зөвлөлдөх, мэтгэлцэх ухаан, соёл төлөвшүүлэх нь сэхээтнүүдийн үүрэг юм уу даа.