Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Нийгэмд чиглэсэн ажил

Сайн дурын үйл ажиллагаа болон нийгэм олон нийтэд хандсан ажлуудаар дамжуулан оюутан суралцагчдыг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцуулж, ёс суртахуунлаг бие хүн болгож төлөвшүүлэх зорилгоор СЭЗИС 2016 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудаа “Нийгмийн дадлага” ажлыг сургалтын төлөвлөгөөнд тусган хийлгээд 5 жил болж байна. Тус дадлага нь оюутан хүн нийгмийн гишүүнийхээ хувьд нийгмийн сайн сайхны төлөө иргэний үүргээ гүйцэтгэж, нийгэмдээ хувь нэмрээ оруулах ёстой бөгөөд нийгмийн дадлага нь тэдэнд хүний эрхийг зөрчдөггүй, бусдыг хүндэтгэдэг зөв зохистой харилцаанд суралцах, ёс суртахууны төлөвшил олж авах, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг иргэн болж төлөвшихэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Судалгааны үр дүнгээс харахад дадлагаа хийсэн нийт оюутны 69% нь багаар, 31% нь ганцаараа хийсэн. Оюутнуудын 62% нь өөрийн санаачлагад тулгуурлан хийсэн бол үлдсэн 38% нь багийн гишүүдийн санаачилгаар тус тус хийсэн байна. Дадлагаа хийсэн бүх оюутнууд өөрсдийн хийсэн ажлуудыг маш их үнэ цэнтэй ач холбогдолтой буюу 90-100% гэж үнэлсэн, 93% нь тус дадлага нь холбогдох хүмүүст маш эерэгээр нөлөөлсөн, улмаар нийгмийн дадлагын хэрэгцээт байдлыг бүгд хийх нь зөв гэж үзсэн ба бүгд өөрсдийгөө 100% хийж гүйцэтгэсэн, 86% нь цаашид үргэлжлүүлэн нийгэм рүү чиглэсэн сайн дурын ажил хийх хүсэл тэмүүлэлтэй болсон гэж сэтгэл хангалуун үнэлсэн байна. Судалгаанд оролцогчид нийгмийн дадлагаас олж авсан төлөвшил, үнэт зүйлсээ цаг баримтлах, багаар ажиллах, хөдөлмөрч зан, хүндэтгэлтэй харилцаа, бусдыг хайрлах сэтгэл гэх мэт маш эерэг хариултаар тодорхойлсон. (график 1) Мөн нийгмийн дадлагаар нэг оюутан хэдэн ч төрлийн ажил хийж болох бөгөөд дадлага хийсэн чиглэлийн хувьд зорилтот бүлэг рүү чиглэсэн, нийгмийн халамжийн ажил, боловсрол, сайн үйлсийн хандивын ажлууд зонхилж байлаа. (график 2)

График 1. Дадлагаар олж авсан төлөвшил (хэдийг ч дугуйлж болно)

Эх сурвалж: Асуулга судалгааны үр дүн

График 2. Нийгмийн дадлага хийсэн чиглэл (хэдийг ч дугуйлж болно)

Эх сурвалж: Асуулга судалгааны үр дүн

  • Амьдралыг харах хандлагыг минь өөрчилсөнд баярлалаа. Мөн нинжин сэтгэлтэй болсон.
  • Бусадтай харилцаж, илүү өөрт хэрэгтэй зан чанарыг сурч авсан.
  • Илүү нээлттэй болж, бусадтай харилцах харилцааны чадвар сайжирсан. Энэ нь танилцах дадлага хийхийн өмнө маш том туршлага болсон. Хэрэгтэй дадлага.
  • Маш сайн үр дагавар авчирсан. Цагийн юмыг цагт нь хийж сурсан. Нийгмийн дадлага нь бидэнд эерэг дадал зуршлыг бий болгож, бусдад туслах нь ямар үнэ цэнтэй болохыг ухааруулж чадсан. Мөн бидний тусламж хэрэгтэй хичнээн олон хүн байгааг мэдэж авсан.
  • Өөрт хэрэгтэй зүйлийг сурч, бусдад тус нэмэр болсон болохоор баяртай байна. ...гэх мэт.

Дадлагаа хийсэн оюутнуудын 70% орчим нь энэхүү дадлагыг 1-р курстээ хийх нь зүйтэй гэж хариулсан. Судалгаанд оролцсон оюутнуудын хариултаас харахад нийгмийн дадлага гарцаагүй хэрэгтэй, үр дүнтэй бөгөөд оюутан болоод нийгэмд хоёуланд нь өгөөжөө өгсөн ажил болсон нь тодорхой харагдаж байна.

Дүгнэлт

Судалгааны үр дүнгээс нийгмийн дадлагын хэрэгцээ шаардлага байна гэж дүгнэлээ. Оюутнуудын зүгээс нийгмийн дадлага хийх хүсэл тэмүүлэлтэй, ялангуяа эмэгтэй оюутнуудын идэвх оролцоо сайн байна. Иймд нийгмийн дадлагыг цаашид боловсронгуй болгоход дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Багш бүр нийгмийн дадлага буюу сайн дурын ажил, нийгмийн ажлын талаар мэдлэгтэй байх
  • Нийгмийн дадлага хийлгэх хүсэлтийг албан бичгээр баталгаажуулах
  • Тайлангийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг нарийвчлан боловсруулах
  • Дадлагын удирдагч багш нар бичилтийн стандартыг мөрдүүлэх
  • Хамгаалуулах комиссын гишүүдийн тодорхой хувь нь тэнцүүлээгүй бол оюутны дадлагыг дахин хийлгэдэг байх
  • Дадлага удирдагч багш, дадлага зохион байгуулж буй газар нь оюутан нийгмийн дадлагын хүрээнд ямар ур чадварыг олж авч байна вэ гэдэгт илүү анхаарах
  • Оюутан болгоныг чин сэтгэлээсээ идэвхтэй оролцдог болгохын тулд ач холбогдолыг сурталчлах, заавал хийх ёстой гэдгээр биш өөрсдөд нь хийх ёстойг нь мэдрүүлэх, ялангуяа эрэгтэй оюутнуудыг идэвхжүүлэх сэдэлжүүлэх