Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Зарлал | Бусад...

Р.Амаржаргал: Эрүүл саруул ухаанаар биш, эмоциор асуудалд хандах байдал газар авлаа

Огноо: 2018/03/05
Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал өчигдөр “Маргаашийн Манлайлал-2” арга хэмжээнд оролцож, ирээдүйн манлайлагч залууст 15 минутын илтгэл тавьсан юм. Тусгаар тогтнолын ордны их танхим түүний илтгэлийг сонсохоор ирсэн 700 гаруй залуусаар дүүрсэн байв. Уг арга хэмжээнд ирсэн залуусын 80 гаруй нь ахлах сургуулиа төгсөөд дөнгөж их сургуулийн босго алхаж буй 17-25 насныхан байлаа.

Р.Амаржаргал гуайг өмнө нь нийгэм, эдийн засаг, улс төр ярьж байхыг уншигч Та илүү олонтоо харж, сонсч байсан болов уу. Тэрээр энэ удаа Монголын ирээдүй болсон залууст манлайлал, хүн гэдэг зүйлийг тодорхойлох үнэт зүйлсийн талаар ярьсан. Түүний илтгэлээс тэмдэглэснээ тоймлон хүргэе. 

Технологийн эрин үед хүн юугаараа ялгарах вэ 
Техник, технологийн эрин үед хүн төрөлхтний амьдрал цаг, минутаар хувьсан өөрчлөгдөж, танихын аргагүй болж байна. Энэхүү дэлхийн нийтэд гарч байгаа өөрчлөлт, хувьсгалыг ойлгож, мэдэрч, харж маргаашийг тодорхойлох нь чухал болохыг илтгэгч онцолж байв. Мөн технологижиж буй энэ эринд хүний хийдэг бүхий л зүйлийг робот, компьютер хийх боломжтой болох нь. Нэг л мэдэхэд техник, технологи хүн төрөлхтний хэрэглээ болно. Харин хүн технологийн эринд хүн чанар, хүн төрлөө алдахгүй байх нь дэлхийн нийтийн чухал асуудал болох болов уу. Маш хурдацтай өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц дотор хүн хүнээрээ үлдэхэд чухал нөлөөтэй байж болох хэдэн зүйлсийг онцлон яръя. Гэхдээ энэ нь зөвхөн миний бодол гэдгийг хэлэхийг хүсч байна. 

Хүний амьдралдаа буцааж болохгүй гурван зүйл: 
1.Ам алдвал буцааж болохгүй. Хүн үг хэлэхээс өмнө заавал бодож тунгааж байх хэрэгтэй. Ялангуяа ирээдүйн лидер, удирдагчид хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Нэгэнт хэлсэн үгээ хэзээ ч буцааж чадахгүй.

2.Боломжийг буцааж болохгүй. Хүний амьдралын үе шат болгонд тодорхой хэлбэрээр ямар нэгэн боломж үүсдэг. Боломжоо алдаж болохгүй. Боломж гарвал андуурч, эндрүүрэлгүй ашиглах хэрэгтэй. Асар их боломж хаа саагүй байдаг. Боломжоо харахгүй өнгөрвөл эргээд харамсахаас өөр зүйл хийж чадахгүй юм.

3.Цаг хугацааг буцааж болохгүй. Цагаа нэгэнт өнгөрөөсөн бол буцааж чадахгүй гэдгийг ямагт санаж, цагаа үр бүтээлтэй өнгөрөөх нь чухал. Зорилго тэмүүлэлтэй, хөдөлмөрийн өндөр зохион байгуулалттай, хувийн сахилга баттай байх. Хүний, улс орны амьдрал ахуйг тодорхойлдог зүйл бол бүтээмж. Бүтээмжээ нэмэгдүүлэх нь цагийг зөв ашиглах, үр ашиггүй өнгөрөөхгүй байхтай л холбоотой. Бүтээмж өндөр байх тусам улс орон хөгжинө. 

Хүний амьдралд замхраад өнгөрдөг хүчин зүйлсүүд: 
Хүмүүс аз, ёндоонд их найддаг. Сүүлийн үед мөрөөдөл, зөгнөлдөө найдах тал байна. Гэхдээ энэ бүгд замхраад л өнгөрдөг зүйлс. “Аз таарна даа” гэж бодоод амьдралаа зохиовол их хол явахгүй болов уу. Лам дээр л оччихвол шалгалтдаа тэнцэнэ гэж бодвол урагшлахгүй, ухарна. Хоосон сүсэг бишрэлээр амьдралаа зохион байгуулж болохгүй. Монголын төр засгийг удирдаж байгаа хүмүүс маань ч ийм байдалтай байна. Монгол төрийн бодлогыг лам нараас очиж асуухад яаж олигтой байх юм бэ. 

Амжилтад хүрэх, манлайлагч болоход ойртох гурван зүйл: 
1. Хичээл зүтгэл, хөдөлмөр. Хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөж л аливаа зүйлд хүрнэ. Зүтгэж байж л үр дүн гарна. Түүнээс тэнгэрээс бүх зүйл буугаад ирэх болов уу гэж хүлээвэл бүтэхгүй. Амжилтад хүрсэн хүмүүсийн амжилтын нууцыг судлаад үзэхээр бүгд зүтгэж, хөдөлмөрлөсний үр дүнд байдаг. 

2. Чин сэтгэл. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ, хоёргүй сэтгэлээр хандаж ажиллавал гарцаагүй үр дүнд хүрнэ. 

3. Ололт, амжилт. Зүтгэл, чин сэтгэл дагаж ололт амжилт ирнэ. Харин ололт, амжилтдаа ташуурчихгүй байх нь удирдагч хүний гол шинж. 

Хүнийг эвддэг гурван зүйл: 
-Мөнгө. 

-Магтаал. Магтаал ихэдвэл “Би”-гийн өвчнийг улам сэдрээж, хүнийг эвдэнэ. 

-Албан тушаал. Гарын үсэг зурж, бүх зүйлийг шийдээд ирэхээрээ мундаг болчихлоо гэж эндүүрдэг. 

Хэзээ ч орхигдуулж болохгүй зүйлс: 
-Итгэл найдвар. Өнөөдөр та унаж болно, гэхдээ өөртөө итгэлтэй, зорилго мөрөөдлийнхөө төлөө зүтгэх нь амжилтын том шалгуур байдаг. 

-Чигч шударга зан. Өнөөдөр энэ үг моодноос гарсан байж магадгүй. Өнөөдөр зальтай, худалч, хуурмагаар хүний нүдийг хуурдаг хүмүүс илүү хол яваад байгаа харагддаг. Чигч шулуун явж байгаа хүмүүс хамгийн арын жагсаалтад орж байгаа. Нийгмийн үнэлэмж алдагдаж байгаа. Гэхдээ монголчууд нэр хугарахаар яс хугар гэж ярьдаг. Нэг удаа нэрээ хугалчихвал сэргэж, эдгэхэд хүнд. 

Хүнд гай тарьж болох хэдэн зүйлс: 
-Шунал. Хэр, хэмжээгээ мэдэж, хэрэгцээгээ зөв тодорхойлох нь эрүүл саруул ухаантай орчин үеийн хүний шинж төрх байх ёстой. Хэн нэгнийг дуурайж, огт хэрэгцээгүй зүйл рүү шунадаг. Ийм хүмүүс манлайлагч биш, бэртэгчин, луйварчин л болох магадлалтай. 

-Уур хилэн, бардам зан. Аливаа зүйлд уужуу тайван ухаанаар хандана гэдэг маш чухал зүйл. Ямар нэгэн асуудал тулгарвал хамгийн энгийн арга бол түр зуур өөрийгөө зогсоогоод уртаар гүнзгий амьсгаа аваарай. Ингэсний дараа асуудлаа дахиад бодоорой. Асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэл хол явахгүй. Өнөөдөр рациональ сэтгэлгээ маш ховор болсон. Дандаа сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандаж байна. Эрүүл саруул ухаанаар гүн рүү нь орж тунгааж шийдвэр гаргадаг байдал багасчихсан. Уриа лоозон хашхирах юм бол баярлаад явчихаж байна. “Монгол ялна аа, монгол ялна” ч гэдэг ч юм уу. Энэ биш шүү. Сүүлийн үед эмоци руу хандсан улс төр маш хүчтэй явж байна. Манай улс төр маш бохир. Эрүүл саруул ухаанаар ярьж байгаа улс төр ховор. Дандаа эмоциороо ярьж, шийднэ, хийнэ, маргааш гоё болно гэдэг. Массыг сэтгэл хөдлөл, эмоциор нь барьж, тархийг нь угааж байгаа болохоос хүнд үнэнийг эрүүлээр харуулах, бодуулах зүйл байхгүй болж байна. Аливаа зүйл шүүмжлэлтэй хандах ёстой. 

Өдөр тутмын 12 нүүртэй сонины 170 дугаартай тэнцэхүйц мэдээлэл өдөрт танд фэйсбүүкээр дамжин ирж байгаа. Энэ мэдээллийг нэг өдрийн дотор хүн тунгааж дийлэхгүй. Ингэснээр бүгд клипний сэтгэлгээ руу орж байна. Ихэнх нь гарчгийг нь хардаг. Тэгэхээр уншигчийн анхаарлыг татахын тулд эмоци дээр тулгуурласан, өдөөн хатгасан гарчиг байдаг. Хэсэг бүлэг хүмүүс энэ аргаар хүмүүсийн тархийг угааж өөрийнхөө хүссэнээр залж байна. Сошиал медиагаар явж байгаа мэдээллийн таван хувийг л хэн нэгэн тавьж байгаа. Үлдсэн 95 хувь нь дандаа лайк эсвэл шэйр. Асуудлыг бодуулах цаг зав өгөхгүй байгаа гэдэг утгаараа залуус өөрсдөө ухаантай, "надаар тоглоод байна шүү" гэдгийг мэддэг, аливааг ухаарч өөрөөрөө байсан хүн л лидер болно. Түүнээс бусдыг дагаж намирдаг бол лидер болохгүй. 

Эцэст нь сануулахад хүнд байх нандин зүйлс: 
-Өөрийгөө хүндлэх. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, хэр хэмжээгээ мэддэг, тэр хэрээрээ өөрийгөө үнэлж, хүндлэх нь маш том чадвар. Өөрийн бодолтой байх нь өөрийгөө хүндэлж буй нэг шинж. 

-Хайр сэтгэл. Зөвхөн өөр хоорондоо бие биенээ хайрлахаас гадна хүрээлэн буй орчин, улс орон, уламжлалт түүх, соёл гээд таныг бүрдүүлж буй бүхнийг хайрлаж, түүнээс таашаал авах чадвар их чухал. 

-Анд нөхөд. Найз нөхдөө хүндэлнэ гэдэг нь өөрийгөө хүндлэхээс эхлэх ёстой. Өөрийгөө хүндэлж чадаж байгаа хүн өрөөлийг хүндэлж чадна. Анд нөхдөө хүндлэхийн хэрээр өнөөдрийн харилцаа чинь бат бэх болно.
     
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378