Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Ш.Амартүвшин: Бүтээмжтэй ажиллах алтан зарчим бол агуулгаар манлайлах юм

2019/09/10

С.УЯНГА 
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт “AFA” академийн захирал Ш.Амартүвшинг урьж ярилцлаа.

Хандлага, ёс суртахуун, төлөвшил гэдэг шинэ боловсрол бий болсон -Боловсролыг хувь хүний хөгжил амьдруулдаг. 

Хувь хүн бол нийгмийн хамгийн гүн, хамгийн том нөөц баялаг. 13 жил хувь хүний хөгжлийн талаар судалж, ажиллахдаа жижигхэн зүйлээс маш том асуудал үүсдэгийг олж харсан. Анх жижиг хүрээнд багшилж эхэлсэн бол одоо улс үндэстэн, байгууллага, хувь хүний түвшинд хэрхэн бүтээмжтэй ажиллах, байгууллагаараа хамт хөгжих талаар мянга мянган хүмүүстэй туршлагаа хуваалцаж байна. 

Энэ хугацаанд сайн сургуульд сурч, орон гэрээ төвхнүүлчихсэн мөртлөө хөгжил нь хаана гацчихаад байгааг олохыг хичээсэн. Залууст өндөр боловсрол байна. Гэтэл хувь хүний хөгжил, гэр бүлийн тогтворгүй байдал, сэтгэлзүйн бэлтгэл дутмаг. Энэ бүхнээс болж амьдралд нь сөрөг үр дагавар гарангуут орчин үеийн амьдралын хэв маяг гэж өмгөөлдөг. Бид нийгмийн энэ онош дээр ийм эмчилгээ хийж байгаа нь “агуулгаар манлайлах зарчим” юм. 

Агуулгаар манлайлна гэдэг нь залууст юу чухал, юуны төлөө хөдөлмөрлөж байгааг нь ойлгуулж, таниулаагүй бол тэднээс илүүг шаардаж, бүтээлгэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, нөөц бололцоогоо шавхаж ажиллах, энэ бүтээмж юунд хэрэгтэй вэ гэдгийг гаргаж ирж чадахгүй бол хүмүүс цалингийн төлөө л ажиллана. Мэргэжил сонголт, улс төр ч мөн адил. Ёс суртахуун, ёс зүй, мөс чанар, эерэг хандлага дутагдаж байгаа энэ цаг үеийг зөв дүгнэж, хөгжлийн залуурыг зөв зүг рүү эргүүлэхийн тулд бид нийгмийн нийтлэг сэтгэл зүйд юу хэрхэн нөлөөлснийг одоо ямар нөлөөлөл байгаа, цаашид юу хэрэгтэйг ойлгох хэрэгтэй. 

1990-1994 онд чөлөөт эдийн засагт шилжиж бүх хүн наймаа хийж эхлэхэд дээд боловсрол бараг үнэ цэнэгүй болсон. Тун удалгүй бүх хүн наймаачин биш гэдгээ ойлгож буцаад мэргэжлийн боловсон хүчин шаардаж эхэлсэн. Эргээд боловсролын үнэ цэнэ нэмэгдэхэд их,дээд сургуулиуд олноор байгуулагдаж 1999-2001 оноос эхлэн мэдлэг боловсролын эрин үе эхэлсэн гэж болохоор байлаа. 2006-2008 оны үед нэгэн төрийн бус байгууллагын судалгаагаар Монголын насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь бакалаврын зэрэгтэй гэсэн байна лээ. Харин чанартай юу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Гэхдээ энэ нь нэг талаас маш том амжилт байсан. Энэ үед бид Монгол хүний онцлог болон сайхан сэтгэл, зочломтгой зан чанар дээр дээд боловсрол нэмэгдвэл улс орон тэсрэлттэй хөгжих юм байна гэж итгэж байв. Гэвч 2013 оноос энэ найдвар эрс багассан. Дээд боловсролтой хүн бүр супер боловсон хүчин биш юм байна гэдгийг бид харсан, ойлгосон. Харин хандлага, ёс суртахуун, төлөвшил гэдэг шинэ хэрэгцээ маш хүчтэй нэмэгдэж эхэлсэн. Энэ шалгуурын тусламжтай хүний нөөцийн салбар ч хурдтай өсөж эхэлсэн. Эерэг хандлага, харилцаа гэсэн сургалтын сэдэв трэнд болсон. Энэ цаг үед нийгэм, улс орны хөгжилд дутагдаж, орхигдож гээгдсэн зүйл бол хандлага, төлөвшил, ёс, суртахуун гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрлөө. 

Хүн болгонд идэх хоол, орон гэр чухал учраас цалин авахын төлөө ажиллана. Мөнгө олохын тулд ажилласан нь буруу биш мэт боловч үнэт зүйл, эрхэм зорилгоор манлайлахгүй бол байгууллага болон, төрийн албанд чин сэтгэлээсээ эерэг хандах нөхцөл бий болгохгүй. “Би юутай болох вэ” гэж ярьдаг байсан бол одоо “Би хэн бэ” “Бид хэн бэ” гэдэг тодорхойлолт чухал боллоо. Эхэндээ хүмүүс хуульч, эмч гээд хэн ч болж хаана ч амьдарч чаддаг байсан. Гэхдээ бид хэн ч болж чаддаг биш харин хэн бэ гэдгээ олж мэдэж, зарж сольж, хойшлуулж, хуурч болдоггүй үнэт зүйлээ тодорхойлж, юуг хамгийн сайн хийж чадахаа таньж мэдэж, яагаад энэ зүйлийн төлөө эцсээ хүртэл зогсох ёстойгоо тодорхойлсны дараа мэргэжлээ сонгох хэрэгтэй. Улс орон, төрийн байгууллагын хувьд ч барилга барих, ажлаа гүйцэтгэх нь чухал болохоос эрхэм зорилгоо ойлгодоггүй. Байгууллагын хувьд зорилго, зорилт нь нэн чухал бус эрхэм зорилго нэн чухал нь юм шүү дээ. Сургуулиудад хүүхэд нь чухал биш хөтөлбөр, зорилт нь чухал болж эхлээд удаж байна. Уг нь сургуулийн эрхэм зорилго бол өөртөө итгэлтэй, авьяастай, хүсэл сонирхлыг нь нээн хөгжүүлж хайрлан хүмүүжүүлж чанартай боловсрол, зөв хандлагатай, өв тэгш бие бялдартай монгол хүнийг бүтээх юм.Залуучуудын гэр бүлээ сонгох сэтгэлгээнд хүртэл нийгмийн хандлага нөлөөлж байна. Залуус гэр бүл болохдоо “юутай” хүнтэй суух, ямар мэргэжилтэй байвал цалин өндөр байх вэ гэж бодож байна. Гэтэл хамт амьдраад таван жилийн дараа хэнтэй суучихав гэдэг асуудал үүсдэг.


Хандлага буюу зүрх сэтгэлийн боловсрол бүтээмжийг 70 хувь дээшлүүлдэг 

Өндөр бүтээмжтэй монгол хүн гурван хэсэгт хөгжин боловсрох ёстой. Нэгдүгээрт, эрүүл байх буюу бие махбодийн хувьд ачаалал даах чадвартай, тэсвэр хатуужилтай байх. Хоёрдугаарт, ажлын чадавхийг нэмэгдүүлэхийн тулд тухайн ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх хэрэгтэй. Гэтэл эрүүл биетэй, өндөр боловсролтой байгаад сэтгэлээ зориулахгүй бол алтан дунджаас дээш гардаггүй. Хүний нөөцийн салбарынхны хүлээн зөвшөөрснөөр бие махбодийн хүч дээд боловсрол хоёр нийлээд хөдөлмөрийн бүтээмж ойролцоогоор 30-40 хувиас дээш гарахгүй. Харин хандлага буюу зүрх сэтгэлийн хүчийг эрүүл бие, өндөр боловсрол нөгөө хоёр дээр нэмчихвэл хөдөлмөрийн бүтээмж 70 хувь дээшилдэг. Тэгэхээр байгууллагын үнэт зүйлд зөвхөн үр дүн хамгийн том байр суурийг эзэлсээр байвал улс орны хөгжил 30 хувиас дээш гарахгүй. Улс орны үнэт зүйлд ард түмэн нь хамгийн том байр суурь эзэлж чадвал үр дүн 70 хувиар нэмэгдэх нь гарцаагүй. Хэчнээн ажлаар шахаж, өндөр боловсролоор “нүдээд” зүрх сэтгэлийн боловсролгүй бол ажлын бүтээмж 30 хувиас хэтрэхгүй гэсэн үг. Залуус “Би юутай болох вэ” гэж мэргэжлээ сонгож, цалингийн төлөө ажиллаж байгаа нь ажилдаа сэтгэлгүй нийгмийн бүлэг үүсгэж энэ нь хүний нөөцийнхний хувьд том хямрал сургалтын байгууллагад том зах зээл болчихоод байна. 

Зүрх сэтгэлийн боловсрол бол “Би хэн бэ” гэдэг асуудал учраас хүмүүс өөрийгөө зөв тодорхойлоход оршиж байгаа юм. Иргэн бол улс орны хүч. Тиймээс энэ хүчээ багаас нь сайн бэлтгэж, зөв өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй. Төгс хүн гэдэг бол мөс чанартай зөв хандлагатай, саруул ухаантай, бие махбодийн хувьд ачаалал даах чадвартай эрүүл хүн юм. 

Чадвартай хүмүүсийн хамгийн сул тал нь хандлага байдаг. Эсрэгээрээ эерэг хандлагатай хүмүүс чадвар сул байх тохиолдол бас байна. Гэтэл чадварыг мэдлэг туршлага, эерэг хандлагыг өөртөө итгэх итгэл, зорилгоо ойлгосон байх явдал бүрдүүлдэг. Тиймээс чадвар, эерэг хандлагаас төгс үр дүн гарна. Чадвартай, сөрөг хандлагатай хүн муу биш харин “Би яагаад энэ зүйлийн төлөө өөрийгөө тултал зориулах ёстой юм бэ” гэдэг асуултад хариулт аваагүй хүмүүс юм. Энэ хүмүүсийг өөрчлөхийн тулд агуулга дээр ажиллах ёстой. Дэлхийн шилдэг мэргэжилтнүүд Монголд ажиллах гэж ирдэггүй. Харин хүмүүнлэг, сайн дурын ажлаар мөнгөө зарцуулах гэж ирдэг. Үүнд нэг нууц бий. Хүмүүнлэгийн ажил хүний төлөө учраас шалтгаан нь үнэ цэнэ. Хөрөнгө оруулагчид Монголд орж ирээд хохироод гардаг нь үндэсний төлөвшил байхгүйтэй холбоотой. Тиймээс бүхнийг үр дүнгээр хэмжихээс гадна агуулгаа сайжруулах хэрэгтэй. Хүний нөөцийн бодлого нь цалин амлахаас илүү зорилго үнэ цэнээ ойлгуулах явдал юм. Эрхэм зорилго, үнэт зүйл, итгэл үнэмшил нь тодорхой, агуулга нь үнэ цэнэ, утга учиртай байж зөв хүнээ татах боломжтой болно. Хувь хүний хөгжлийг цогцоор нь харвал сэтгэлзүй, эрүүл мэнд, гэр бүл, ажил, санхүүгийн боловсролоос бүрддэг. Энэ тавыг тогтвортой авч явах хэрэгтэй. Аль нэг нь доголдохоор амьдрал балансаа алдана. Санхүү доголдохоор сэтгэл санаа хямарна. Сэтгэлзүйгээр унахаар эрүүл мэнд доройтно гээд бүгд харилцан хамааралтай. Дургүй ажлаа удаан хийхээр сэтгэлзүйн эмгэг үүсч эхэлдэг. Энэ эмгэг нь дуугүй, баяр хөөргүй, ууртай болж илэрнэ. Бидний тархи дарамт ирэх үед хоёр реакци үзүүлдэг. Нэг бол зодолдоно, эсвэл зугтана. Тиймээс гэр бүл, ажил бизнестээ энэхүү хоёр реакцийн аль нэгийг гаргадаг.


Эхийн сэтгэл хөдлөл, тээсэн орчноос үүдэж хүүхэд хандлагатай төрдөг 

Нууц хадгалах чадваргүй, амласандаа хүрч чаддаггүй хүүхдүүд өсч хүмүүжиж байна. Хэрэв бид төлөвшсөн монгол хүнийг бүтээхгүй бол эх орноо ч худалдаж мэдэх учраас монгол хүний боловсрол төлөвшлийн асуудал бол үнэндээ үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Хүүхэд цэцэрлэгт хоёр настай ороод 22 настай их, дээд сургуулиа төгсдөг. Энэ хугацаанд нь л зөв үлгэрлэл үзүүлж, зөв хөтөлбөрөөр ажиллах хэрэгтэй.Зөв хандлагатай нэг үеийг бүтээхэд 20 жил л хэрэгтэй. Үүнээс цааш тасралтгүй үргэжилнэ. Ингэж бид хүнийг хөгжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх сургалтаа “хүнийг дахин инженерчлэх” гэж нэрлэсэн. 

Хөдөлмөрийн бүтээмж сул байгаа хүмүүсийг бид мэргэжлээ буруу сонгож гэж дүгнээд их сургуулийн багш нартай уулзахаар “Энэ асуудал биднийх биш ахлах, дунд ангиасаа өөрийгөө зөв тодорхойлоогүй ирдэг” гэдэг. Тэгэхээр нь ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзахаар “Сургуулийн өмнөх боловсрол хамгийн чухал” гэдэг. Ингээд цэцэрлэгийн багш нар дээр очиход “Хүүхдийн эцэг эх хамтран ажиллахгүй байна. Бүх хүмүүжил төлөвшил эцэг, эхээс шалтгаалдаг шүү дээ” гэж хэлдэг. Ингээд эцэстээ хувь хүний хөгжил эцэг, эх дээр хүрч ирдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн тэр цагаас боловсрол нь эхэлж байдаг. Хүүхэд төрөхдөө ген, цуснаас биш эхийн сэтгэл хөдлөл, тээсэн орчны нөлөөнөөс болж аливаад хандах хандлага нь бий болж эхэлдэг. Ямар ээжийн хэвлийд есөн сар тээснээс болж цочимтгой, тайван зэрэг хандлагатай төрдөг учраас хүмүүс өөрсдийнхөө зан авирыг сонгоогүй. Чиний ямар байх ээжийн сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, өсөж төрсөн орчны нөлөөнөөс болдог байх нь. Тиймээс хүүхдийг ээжийнхээ хэвлийд байхаас нь зөв хүн болгохын тулд хувь хүний хөгжил, боловсрол маш чухал. Дараа нь цэцэрлэг, дунд, их, дээд боловсрол гээд бүгд харилцан хамааралтай. Цэцэрлэг, бага, дунд, ахлах анги, их сургуульд нь зөв багш, тогтвортой, сайн хяналттай хөтөлбөрөөр сургаж чадах юм бол 22 нас хүртэл нь 20 жилийн дотор бид монгол хүний ёс суртахуун, боловсрол, бие махбодийн хөгжил бүхэлд нь монгол генийг сайжруулах боломжтой. Үүнд тууштай маш сайн бодлого чухал. 

Эцэг, эхчүүд үр хүүхэддээ байнга зөв зүйлийг ярьж сургадаг. Харин түүнийгээ хангалттай үлгэрлэж харуулдаггүй. Бид хувь хүн, байгууллагыг хөгжүүлэх удаан хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж түүнийгээ “Луужин стратеги” гэж нэрлэсэн. Энэ хөтөлбөрөө хувь хүн, гэр бүл, байгууллага гэж гурав ангилж заадаг. Лидер хүн баг хамт олноо хайрладаг, хөгжүүлдэг, тэдний ирээдүйн карьер хүсэл мөрөөдлийн төлөө хариуцлага хүлээсэн аав эсвэл ээж хүнтэй адил юм. Хүн нь төлөвшиж амжаагүй байхад алт, нүүрс олох аваас өмнөхөөсөө дордоно. Бид үнэт зүйлдээ газрын баялаг, ард түмэн гэсэн хоёр агуулгыг зөв эрэмбэлэхгүй бол аюултай. Ойрын хугацаанд уул уурхай чухал боловч урт хугацаандаа хүн хэмээх баялагтаа хөрөнгө оруулсан нь илүү чухал. Учир нь баялгийг удирдаж байгаа хүнийг эхнээс нь зөв бэлтгэхгүй бол газар нутгаа худалдана. Тиймээс боловсрол руугаа анхаарахаас өөр аргагүй. Иргэнээ зөв хүн болгож хүмүүжүүлэх холыг харж буй бүхнийг эхлэх хамгийн тохиромжтой цаг бол яг одоо. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

2019.9.9 ДАВАА №178 (6145)