2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН РЕКТОРЫН МЭНДЧИЛГЭЭ

2021/09/01

Нэгэн зууны түүхтэй Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бахархам түүхийг бүтээлцсэн үе үеийн удирдлагууд, эрдэмтэн багш, ажилтнууд, төгсөгчид, оюутнууд болон биднийг дэмжин ажилладаг түншлэгч байгууллагуудад 2021-2022 оны шинэ хичээлийн жилийн мэндийг хүргэе.
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хамт олон дээд боловсролын салбарт тулгарч буй сорилтыг хамтын хүчээр даван туулж, цахим шилжилт, технологид суурилсан сургалт, судалгаа, инновацийг амжилттай нэвтрүүлэн, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна.
Түүнчлэн манай сургууль 2021–2031 онд баримтлах урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлон, бүх талын тэгш оролцоог хангах, авьяасын төвлөрлийг дэмжих, түншлэлийн нээлттэй талбарыг хөгжүүлэх суурь зарчмыг баримталж байна.
Бид Монгол Улсынхаа ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл нэгтэй бизнесийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, энтрепренерууд, салбар бүрийн эрдэмтэн судлаачид Та бүхнийг хөгжилд хөтөлсөн хамтын үнэ цэнийг бүтээх, үндэсний ялгарлыг бий болгоход бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Зоригт Монголын ач нар түмэн түмэн үрс
Золбоот охид хөвгүүд цог заль төгс
Хүндэт нэрээ дуудуулсаар хойчийг залгамжлах залуус ...
хэмээн нэгэн цагт их
зохиолч Д.Нацагдоржийн шүлэглэсэн энэ орны ирээдүй хойч үе болох нийт оюутнууддаа эрдэм сурах их үйлсд тань үлэмж амжилтыг хүсье. Та бүхэн улам бүтээлчээр сэтгэж, томоор мөрөөдөн улс орныхоо ирээдүйн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах шинэ үеийн манлайлагчид болно гэдэгт гүнээ итгэж байгаагийн сацуу та бүхний хөгжлийн талбарыг бат түвшин байлгахын төлөө бид үргэлж хичээн ажиллах болно.

Та бүхэнд амжилт хүсье.

Эрдэм, ухаан дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн,

РЕКТОР
Б.МӨНХБАЯР