СЭЗИС-ийн ректор, удирдлагууд ОХУ-ын Москвагийн олон улсын харилцааны их сургууль МГИМО-д 2021 оны 10 сарын 25-ы өдөр зочиллоо.

2021/11/23

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Ахисан түвшний судалгаа, сургалт эрхэлсэн проректор Ж.Батхуяг, Евро-Азийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.В. Имидеева нар багтсан ба ректор Б.Мөнхбаяр Монгол хэл судалж байгаа Олон улсын харилцааны факультетийн оюутнууд, Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлыг сонирхон судалдаг улс төр-удирдлагын факультетийн оюутнуудад “COVID-19 цар тахлын Монголын эдийн засгийн янз бүрийн салбар дах нөлөөлөл” сэдвээр нээллттэй лекц явууллаа.

Тэрээр улс орныхоо нийгэм-эдийн засгийн байдал, үндэсний эдийн засгаа дэмжихэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярив. Цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр дагаврыг үнэлэх арга зүйн шинэ хандлагыг 300 гаруй томоохон аж ахуйн нэгж, байгууллагын жишээн дээр тулгуурлан санал бодлоо хуваалцав. Лекцэнд Япон, Солонгос, Индонез, Монгол хэлний тэнхимийн ахлах багш Н.В.Фалеева байлцлаа. Арга хэмжээний төгсгөлд оюутнууд Монгол хэлийг маш сайн эзэмшиж буйгаа харуулж СЭЗИС-ийн ректороос асуулт асуулаа.

Ректорын айлчлал Олон улсын харилцаа, нийгмийн ажил эрхэлсэн проректор С.И.Суровцев, Улс төр-удирдлагын факультетийн орлогч декан М.Ф.Уткин нартай хийсэн уулзалтаар үргэлжилсэн ба уулзалтад Хүн ам зүйн болон шилжилтийн бодлогын тэнхимийн дэд проф. М.Н.Храмов, А.С.Лукяньец, эрдэм шинжилгээний ахлах ажилтан А.С.Железняков нар оролцлоо

Станислав Игоревич МГИМО нь Монголын хэд хэдэн их, дээд сургуультай удаан хугацааны турш нягт харилцаатай, тус сургуулийн тавь орчим оюутан монгол хэл сурч, Монголын их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээний солилцоо хийж байгааг тэмдэглэв. Проректор МГИМО-ийн ирээдүйтэй хөтөлбөрүүд, тэр дундаа “Дэлхийн хөдөө аж ахуйн зах зээл” хөтөлбөрт Монголын мэргэжил нэгтнүүдийн сонирхлыг татахуйц хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулахыг хүсэв.

Ректор Б.Мөнхбаяр Санхүү эдийн засгийн их сургуулийн хэрэгжүүлж байгаа сургалтын үндсэн чиглэлүүдийн талаар ярьж, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа чиглэлээр олон улсын мэргэжилтэн бэлтгэдэг ОХУ-ын тэргүүлэгч их сургууль болох МГИМО-той хамтран ажиллах сонирхол өндөр байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн явцад МГИМО болон СЭЗИС-ийн хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийн талаар ярилцаж, Хүн ам зүй, шилжилт хөдөлгөөний бодлогын тэнхим нь СЭЗИС хамт олонтой хамтран ажиллаад жил орчим болж байгааг тэмдэглээд энэ хугацаанд “Евразийн шилжилтийн гүүрүүд” сэдэвт олон улсын форумыг Монголын мэргэжил нэгт нөхөдтэй хамтран зохион байуулж хамтарсан өгүүлэл хэвлүүлдэг болсон үр дүнтэй ажлууд явагдаж байгааг онцлов.