Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Бакалаврын зэрэг олгох ухаалаг цахим сургалтын анхны төгсөгчид дипломоо гардан авлаа

2018/06/08

СЭЗИС-ийн Цахим сургалтын төв нь 2015 оны 1-р сарын 6-нд СЭЗИС-ийн ректорын 4 тоот тушаалаар ухаалаг онлайн сургалтыг нэвтрүүлэхтэй холбоотой шаардлагатай анги танхим, тоног төхөөрөмжийг бэлтгэх, сургалтын програмыг судлах хэрэгжүүлэх, багш нарт зөвлөгөө өгөх зорилготойгоор байгуулагдсан.

Анхны ухаалаг цахим сургалтыг ректорын 2015 оны 9-р сарын 1-ий 331 тоот тушаалаар бакалаврын зэрэг олгох орой, эчнээ хөтөлбөрт 21 оюутан элсүүлэн сургаснаар эхлүүлсэн.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр 45, санхүүгийн мэргэжлээр 39, бизнесийн мэргэжлээр 38 оюутан, 3 жилийн хугацаанд нийт 122 оюутан элсэн орсон байна.

Орой, бямба, уламжлалт эчнээ сургалтын хэлбэрээс ухаалаг цахим эчнээ сургалтаар өөрчлөн сурч байгаа 40 оюутан байна. Орой, эчнээ хөтөлбөрт элсэн орж амжилттай суралцаж байсан боловч гадаадад ажиллах, сурах, улирлын чанартай ажил эрхлэх, ар гэрийн, эрүүл мэндийн болон ажлын цагаас хамааран танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэх мэт шалтгааны улмаас урт хугацааны чөлөө авсан оюутнуудыг хугацаа алдалгүй суралцаж, төгсөх боломжийг ухаалаг цахим сургалт олгож байна.

Суралцагсадын 33% хувь нь гадаадаас буюу 11 орноос, 12% нь орон нутгаас суралцаж байна. Бүх мэргэжлийн ангид ордог 10 гаруй хичээл, 3 мэргэжлийн чиглэлээр тус бүр 20, нийт 70 гаруй хичээл цахим хэлбэрээр бэлтгэгдэн сургалтад ашиглагдаж байна.

Цахим сургалтын талбараар 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 2813 оюутан/хичээл судалж дүгнэгдсэнээс 438 оюутан/хичээл өдрийн хэлбэрээр суралцагсад байсан нь бүх хэлбэрийн оюутан тооцоотой хичээлээ дахин нөхөн судлах, голч ахиулан суралцах замаар цаг хугацаандаа төгсөх боломжийг давхар олгосон.

Өнөөдрийн байдлаар цахим сургалтаар 34 багш/хичээл орж байгаа бөгөөд 226 оюутан хамрагдан суралцаж байгаагаас бусад хөтөлбөрийн 22 оюутан байна.

Өнгөрсөн сарын 31-ний өдөр Бакалаврын зэрэг олгох ухаалаг цахим сургалтын анхны төгсөгчид дипломоо гардан авлаа. Төгсөлтийн шалгалтыг онлайнаар 5 оюутан өгсөн бөгөөд АНУ, Австрали, Хятад, Солонгос улсаас холбогдлоо.

Нийт 9 оюутан /5 нягтлан бодох бүртгэл, 4 санхүүгийн мэргэжлээр амжилттай төгсөн билгийн тооллын шинийн 17-ы өдөр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг, мэргэжлийн диплом гардан авсан юм.