Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичгийг сургалтандаа нэвтрүүлнэ

2018/03/20

СЭЗИС-ийн Экономикийн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.  

Маш чухал ач холбогдолтой, “Микроэкономикс” гэдэг ном орчуулж, хэвлүүлжээ. Энэ талаар тодруулахгүй юу? 
Манай сургуулийн дэмжлэгээр 2008-2009 оны хичээлийн жилд төсөл хэрэгжүүлж, эдийн засгийн чиглэлийн багш нар энэ номыг орчуулж эхэлсэн юм. Уг ном олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, олон удаа хэвлэгдсэн төдийгүй онолын ухагдахуунаас гадна практик агуулгуудтай сайн ном учир энэ номыг сонгосон юм. Зохиогч Паркин болон хэвлэлийн компани руу холбогдож, албан ёсны орчуулгын эрхийг авснаар орчуулгаа албан ёсоор эхэлсэн бөгөөд бид үндсэн сурах бичгээс гадна уг номны семинар дээр ажиллах материал, бие даалт, шалгалтын маш тестийн сан болон шалгалтын нээлттэй хариултуудын сан, бодлогын санг цогцоор нь сургалтад ашиглаж байна. Энэ том төслийг сургуулийн дэмжлэггүйгээр бид хэрэгжүүлж чадахгүй байлаа. Олон улсын стандартад нийцсэн, сайн сурах бичихийн тухайд Монголын өнөөгийн нөхцөлд багш, судлаачдын туршлага хараахан хүрээгүй байна гэж манай тэнхимийн зүгээс харж байна. Тэгэхээр бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлийг монгол оюутнуудад чанартай хүргэх арга замыг эрэлхийлж, үүний тулд номоо орчуулж эхэлсэн юм. Зохиогчийн эрхийг авсан тул үг үсэг, утгын алдаагүйгээр адилхан байлгах хариуцлагатай ажил. Бүр зураг, тэмдэглэгээ нь хүртэл адилхан хийгдэх ёстой тул нэлээд чамбай хийх гэсээр 2008 оноос хойш олон жил зарцуулжээ. 2017 оны намар “Микроэкономикс” сурах бичгийг гаргаж, харин одоо “Макроэкономикс” сурах бичгийг хэвлэлтэд өгөхөд бэлэн болголоо. Олон хүнийг нэгтгэж, баг болгон ажиллуулах чухал байдаг юм байна. Үүнээс бид нэлээд их зүйл суралцсан гэж хэлж болно.  

Ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж, номоо өлгийдөж авсан бэ? 
Энэ төслийн багт СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн ахлах багш Д.Гансүлд төслийг санаачлан, багийг ахалж, мөн өөрөө орчуулж ажилласан гол хүн. Бусад орчуулагчаар АНУ-д докторантаар суралцаж буй П.Авралт-Од, МУИС-ийн математикийн сургуулийн багш асан, одоо зөвлөх үйлчилгээний МИРИМ консалтант ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Д.Бямбасүрэн, манай сургуульд багшилж байгаад Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагчийн ажилд шилжсэн Д.Ганбат болон манай тэнхимийн багш Б.Оюун-Эрдэнэ, Д.Түвшинжаргал, П.Уранбилэг нар орж ажиллаа. Миний бие тухайн үед тэнхимд ажиллаж байгаагүй ч номын редакторыг Д.Гансүлд багштай хамтран хийж, гүйцэтгэлээ. Харин орчуулгын редакторыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах эдийн засагч З.Манлайбаатар хийсэн юм. Ингээд 7 орчуулагч, гурван редактортай нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ. 

Ижил төстэй бусад мэргэжлийн номуудаас юугаараа давуу талтай юм бэ? 
Уг сурах бичиг үндсэн онолын ойлголтуудыг агуулахаас гадна практик дээр шууд ашиглагддаг, ихэнх эдийн засгийн сурах бичигт дурдагдаагүй маш чухал сэдвүүдийг агуулдаг. Тухайлбал, агаарын бохирдол үүссэнээс эдийн засагт ямар зардал учруулдаг, засгийн газраас нийтийн зам тавих нь ямар үр өгөөжтэй байх, засаг төрөөс нийтийн цэцэрлэгт хүрээлэнг зохицуулж өгөх нь ямар үр өгөөжтэй болон сул талтай гэх мэтчилэн эрэлт нийлүүлэлт, зах зээлийн суурь онолыг хөндөхөөс гадна бодит байдалд түгээмэл ашиглагддаг онол, практикын асуудлууд, тэдгээрийн шийдлийг тусгасан байдгаараа онцлогтой. 

“Микроэкономикс” сурах бичиг хэвлэлтээс гарчээ. “Макроэкономикс” сурах бичиг хэзээ бэлэн болох вэ? 
Хэвлэлтэд өгөхөд бэлэн болсон, энэ сарын сүүлээр хэвлэлтээс гаргахаар төлөвлөж байна. “Микроэкономикс”, “Макроэкономикс” сурах бичгүүдээс гадна манай тэнхим 2016, 2017 онд “Микроэкономиксийн үндэс: Тестийн эмхэтгэл”, “Макроэкономиксийн үндэс: Тестийн эмхэтгэл” зэрэг номнуудыг гаргаж, сургалтдаа ашиглаж байна. Цаашид бид уг сурах бичгийн семинарын номыг гаргахаар төлөвлөж байна. 

Үнэ өртгийн хувьд ямар байх вэ. Маш их хугацаа, ажил, ур чадвар, үнэ цэнэ шингэсэн бүтээл шүү дээ. Гэхдээ оюутнууд авах бололцоог бодолцсон уу? 
Яг үүнийг харгалзан үзээд зардал, өртгөө бодвол харьцангуй хямдаар, 45 мянган төгрөгөөр Микроэкономикс сурах бичгийг борлуулж байгаа. Макроэкономикс сурах бичгийг хэвлэлтийн зардал болон бусад нэмэлт зардлаас шалтгаалан 55 мянган төгрөг орчмоор борлуулахаар тооцож байна. СЭЗИС эдийн засгийн ухааны хичээл заагаад 20-иод жил болсон учраас манай тэнхим олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шилдэг сурах бичиг ашиглаж, Монголд суралцаж буй оюутнуудад олон улсын түвшингийн боловсрол олгох боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Энэ сурах бичиг англи хэл дээрээ хамгийн сүүлд 12-р хэвлэлт нь гарсан бүтээл. 

Та бүхэн 8-р хэвлэлийг орчуулсан гэсэн. Хоцрогдол гэх зүйл бий юу? 
Тухайн үед биднийг орчуулж, эхэлж байхад 8-р хэвлэл нь хамгийн сүүлийнх байсан юм. Ер нь уг сурах бичиг экономикс (Эдийн засгийн ухаан)-ийн үндсэн сурах бичиг учраас гол агуулга бараг өөрчлөгддөггүй, харин сүүлийн хэвлэлтүүд дээр зарим жишээ, баримтыг өөрчилсөн, ганц нэг бүлгийг хасах, эсвэл агуулгын хувьд хооронд нь нэгтгэх зэрэг өөрчлөлтүүд хийгдсэн байдаг. Цаашид манай тэнхим мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийн сурах бичгийг орчуулах төлөвлөгөөтэй байна.