Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Номын сангийн өдрүүд амжилттай зохион байгуулагдлаа

2018/03/22

Энэ сарын 20-ноос 22-ны өдрүүдэд СЭЗИС-ийн номын сангийн өдрүүд “Монголын уран зохиолоор дамжуулан хувь хүний төлөвшилд нөлөөлөх нь” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа. Номын сангийн өдрүүдийн хүрээнд оюутан, багш, ажилтнууд номын үзэсгэлэн үзэж, АХА тэмцээнд оролцон, EBSCO цахим мэдээллийн сангийн танилцуулга, сургалтыг зохион байгуулсан. Мөн орчуулгын номын редакторуудтай уулзаж, МУСГЗ, зохиолч До.Цэнджавтай уулзан, чөлөөт ярилцлага өрнүүллээ. 

СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн ахлах багш Д.Гансүлдээр ахлуулсан баг хамт олны орчуулан хэвлүүлсэн зохиолч М.Паркин “Микроэкономикс”, “Макроэкономикс” номын орчуулгын редактор Экономиксийн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг, ахлах багш Д.Гансүлд нар багш, оюутан, ажилтнуудтай уулзсан юм. “Уг сурах бичигт үндсэн онолын ойлголтуудыг агуулахаас гадна практик дээр шууд ашиглагддаг, онол, практикын асуудлууд, тэдгээрийн шийдлийг тусгасан байдгаараа онцлогтой. Мөн оюутнуудыг “Эдийн засгийн сэтгэлгээ”-нд сургаж, эдийн засаг хэрхэн ажилладаг, хэрхэн илүү сайн ажилладаг болгож болохыг ойлгоход туслах зорилготой” гэдгийг редакторууд онцолж байлаа. 

Номын сангийн өдрүүдийн хүрээнд МУСГЗ, зохиолч Д. Цэнджавтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. “Хүүхдүүд та нар “Хөх судар”, “Монголын нууц товчоо”-г 2-3 удаа бүрэн уншиж, хуулан бичихэд үгийн баялаг нэмэгдэж, зөв бичих дүрэмд суралцаж, монгол хэлийг бүрэн таньж мэддэг болно” хэмээн онцолж байлаа.  

Жил бүр номын сангийн шилдэг уншигч, шилдэг үйлчлүүлэгч шалгаруулдаг уламжлалтай. Энэ хичээлийн жилд “Шилдэг уншигч”-аар Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Ц.Гэрэл, “Шилдэг үйлчлүүлэгч”-ээр Бямбын бакалаврын хөтөлбөрийн оюутан Д.Батжаргал, АХА тэмцээний ялагчаар бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан Ж.Номин, эссэ бичлэгийн уралдааны ялагчаар бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан Ц.Дөлгөөн нар тус тус шалгарсан байна. 

Мөн тус өдрүүдийн хүрээнд “Талархлын самбар” аян өрнөсөн юм. Тус аяны хүрээнд 60 гаруй багш, оюутан, ажилтнууд оролцож, бусдадаа талархлын үг илгээлээ. Номын сангийн өдрүүдийн үйл ажиллагаанд 500 орчим хүн оролцон, амжилттай болж өндөрлөлөө.