Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Тасралтгүй боловсролын төв

Та академик болон академик бус сургалтын үйл ажиллагааны онцлогийн талаар мэдээлэл авахаас гадна сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө болон бидний санал болгож буй урт, богино хугацааны сургалтуудтай танилцах боломжтой.

СЭЗИС сайн мэргэжилтнүүд бэлтгээд зогсохгүй, төгсөгчдөө сайн энтрепренер байлгах зорилгыг чухалчилдаг бөгөөд суралцаж буй оюутнууд болон төгсөгчдийнхөө авьяас чадварыг илрүүлэх, тэдний бизнесийн шинэлэг санаа, санаачилгыг дэмжих, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх болон нийгэмд танигдах, амжилттай бизнес эрхлэхэд нь туслахыг эрмэлздэг.

Өнгөрсөн хугацаанд СЭЗИС ажил эрхлэгчид, төгсөгчид, оюутнуудынхаа энтрепренер чадавхыг дээшлүүлэхэд урт, богино хугацааны сургалтууд, мэргэжлийн чадамж олгох курс болон бүхий л салбарын бизнес эрхлэлт, инновацийг дэмжих зорилгоор гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурал, семинар, уралдааныг санаачлан зохион байгуулж байна. Тухайлбал, 1995 оноос санхүү, эдийн засгийн чиглэлээр дахин дээд боловсрол олгох богино хугацааны хөтөлбөрийг насанд хүрэгчдэд зориулан өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Энэ сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй admission.ufe.edu.mn-р орж, танилцана уу.

Та бүхэн манай мэйл хаяг болоод олон нийтийн сүлжээ хаягуудад бүртгүүлж, сургалтын элсэлт, шинэ хичээлийн нээлт болоод бусад мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой.

Ямар нэгэн тодруулах зүйл гарвал энэхүү танилцуулгын хамгийн сүүлийн хэсэгт холбоо барих мэдээлэл байгаа тул та бидэнтэй шууд холбогдоорой.

Бидэнтэй харилцах сошиал/ олон нийтийн сүлжээ хаягууд

Товч түүх:

Тасралтгүй боловсролын төв нь “Бакалаврын зэрэг олгох орой, эчнээ хөтөлбөр” нэртэйгээр 1995-1996 оны хичээлийн жилээс эчнээ, 1997-1998 оны хичээлийн жилээс оройн болон бямба гаргийн эчнээ, 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн ухаалаг цахим сургалтын эчнээ ангид анхны элсэлтээ тус тус авч, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Энэхүү сургалт нь Монгол Улсад анх удаа 2007-2008 онд, олон улсад 2012-2013 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2012-2013 оны хичээлийн жилд дахин үндэсний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр баталгаажсан юм.

Төвийн зорилго:
  • Ажил олгогч, суралцагчдын эрэлт хэрэгцээ болон эдийн засаг, бизнесийн орчны байнгын өөрчлөлт, тухайлсан салбар, бизнесийн нэгжийн онцлогийг сургалтын үйл ажиллагаандаа тусгах,
  • Орчин үеийн системтэй мэдлэг, чадварыг хэрэглэгчдийн оршин суугаа газраас үл хамааран, цаг зав, боломжид нь тулгуурлан олон төрлийн суралцах хэлбэрээр зохион байгуулах,
  • Мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл сонирхолтой янз бүрийн бүлгийн, өмнөө зорилготой хэн бүхэнд зориулан, тав тухтай сургалтын орчныг бүрдүүлэх,
  • Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн туршлагаа хуримтлуулж, баяжуулж чадсан эрдэмтэн, багш нараас шинжлэх ухаанд суурилсан чанартай мэдлэгийг олж авах боломжийг хүн бүрд нээлттэй олгон, иргэдийн тасралтгүй суралцаж боловсрох үйл явцыг дэмжихэд оршино.

Өнөөдрийн эдийн засаг, бизнес, санхүүгийн үйл ажиллагаанд тулгарч буй гол асуудалд чиглэсэн “Тасралтгүй боловсрол”-ын зэргийн болон богино хугацааны курсуудийг олон нийтэд нээлттэй байдлаар санал болгож байна.

СЭЗИС нь төрийн, төрийн бус болон бизнесийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийг чухалчилж, тусгайлсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хамтран ажиллаж байна.

Тасралтгүй боловсролын сургалтын хөтөлбөрийн үнэлгээ нь бакалаврын зэрэг олгох сургалтын ерөнхий шаардлагатай ижил тул богино хугацааны сургалтаар амжилттай дүүргэсэн хичээлүүдээ зэрэг олгох сургалтын кредитээр дүйцүүлэн тооцуулж болно.

Төвийн зорилт:
Урт болон богино хугацааны сургалтыг үр ашигтай зохион байгуулах, сонирхогч тал, суралцагчдыг хэрэгцээ шаардлагад нь тохирсон зөвлөгөө мэдээллээр тасралтгүй хангах, тэдний сэтгэл ханамжийг өндөр хэмжээнд байлгах, сурах орчныг эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй, таатай байлгахад хяналт тавих нь төвийн өдөр тутмын үйл ажиллагааны зорилт юм.

Тасралтгүй боловролын төвийн сургалтын үйл ажиллагааны онцлог

Бид жил бүр СЭЗИС-ийн эрдэм судлалын чиглэл, эдийн засаг, санхүүгийн системийн өөрчлөлтөөс хамааран судалгаа, эрдэм шинжилгээ болон сургалтын хуваарь гарган, олон нийтэд санал болгож байна.

Дээрх үйл ажиллагаа нь зорилтот бүлгийнхэн болоод сонирхсон хүн бүхэнд нээлттэй бөгөөд шинэ үйл ажиллагаа, сургалт эхлэх бүрт бид СЭЗИС-ийн вэб хаягт холбогдох мэдээллүүдийг байршуулж байна.

Түүнчлэн манай төв нь гаднын байгууллагуудын хүсэлтээр тусгай бүлэг хүмүүст зориулан, “захиалгат” сургалт эрхэлж байна. Ийм төрлийн гэрээт сургалт явуулах үйл ажиллагаа нь тухайн бүлэг хүмүүсийн сонирхол, сургалтын онцлогоос хамаараад гэнэтийн байдлаар явагдах шинж чанартай байдаг учир сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн тухайд жич харилцан тохиролцдог онцлогтой.

“Захиалгат” сургалтыг манай сургуулийн мэргэжил олгох чиглэлээр зохион байгуулах бөгөөд харин хамрагдан сурч буй суралцагчдын харьяалах салбарын онцлогоос хамааран, бусад их дээд сургууль, салбарын мэргэжилтэнтэй хамтран ажилласнаар тухайн захиалгат сургалтын онцлог, хэрэгцээнд нийцүүлэхийг зорьж байна.

Тасралтгүй боловсролын сургалтын зохион байгуулалтын онцлог

Бид, ихэнх сургалт, хичээлээ СЭЗИС-ийн сургалтын танхим, ухаалаг цахим сургалтын талбар болон хосолсон хэлбэрээр зохион байгуулдаг. Хэрвээ “захиалгат” сургалт бол хөдөө орон нутаг болон тухайн байгууллага дээр танхимын сургалтыг зохион байгуулж болно.

Оройн хэлбэр
Хичээлийн жилийн турш 7 хоногийн ажлын 3 өдөр (Даваа, Мягмар, Лхагва) 16:00-21:10 цагт хичээллэнэ.

Бямба гаргийн хэлбэр
Хичээлийн жилийн турш Бямба гараг бүр 8:00-18:10 цагт хичээллэнэ.
Уламжлалт болон орон нутгийн эчнээ
  • СЭЗИС дээр хичээллэдэг уламжлалт эчнээ
    Жил бүрийн 4 болон 10 сард ажлын 5 өдөр 9:00-18:00 цагийн хооронд
  • Орон нутгийн болон захиалгат
    Аймаг орон нутгийн удирдлага, иргэд, салбар, байгууллагын хүсэлтээр тухайн орон нутаг, байгууллага дээр зохион байгуулна.

Ухаалаг цахим
Мэдээллийн дэвшилтэт технологи ашиглан хичээлээ явуулдаг цахим сургалтын талбар, цаг хугацаа, орон зайнаас үл хамаардаг.

Тасралтгүй боловсролын төвийн сургалтын хэлбэр

Манай төв хичээлийн үргэлжлэх хугацаа, агуулга, суралцагчдын онцлогоос хамааран, дараах 3 чиглэлээр сургалт эрхэлж байна. Үүнд:

Байгууллагын захиалгат зэргийн сургалт (Тухайлсан салбар, байгууллагын бизнесийн онцлогт тохируулсан уян хатан суралцах хугацаа, хичээллэх өдөр цаг хугацааг тохирно)
Богино хугацааны сургалт:
  • СЭЗИС-аас санал болгох
  • Байгууллага, хувь хүний хүсэлтээр

Манайд сурахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй бөгөөд онол, практикийг хамгийн сайн аргаар хослуулан хүргэхийг эрдэмтэн багш нар маань зорилгоо болгон ажилладаг болохоо энд дахин дурдъя.

Төгсөлтийн баримт бичиг

Манай сургалт нь хамрагдсан бүх суралцагчаа суралцсан болоод төгссөнийг нь батлах диплом, гэрчилгээ олгоно.

Хэрэв тус сургалт нь бакалаврын зэрэг олгох бол сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлүүдийг хангалттай үнэлүүлсэн, элсэн орох болзол хангасан оюутнуудад Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг болон мэргэжлийн диплом олгоно. Хэрэв, дээрх шаардлагын аль нэгийг хангаагүй болон богино хугацааны сургалтад хамрагдсан бол гэрчилгээ авахыг хүсэх боломжтой юм.

Үнэлгээгүй сургалтын агуулга зэргийн сургалтын агуулгатай тохирч байвал үргэлжлүүлэн суралцах тохиолдолд дүйцүүлэн тооцуулж болно.

Сургалтын төлбөр

Бакалаврын зэрэг олгох сургалтын хувьд 1 кредитэд оногдох төлбөрийн хэмжээг жил бүрийн 7 сард сургуулийн Удирдах зөвлөл тогтоож, нийтэд зарлана.
Богино хугацааны сургалтын хувьд хичээллэх өдөр цаг, хичээлийн агуулга багтаамжаас хамааран, сургалтын төлбөрийн хэмжээг тогтооно. 1 цагийн үнэлгээний үндэслэл нь 1 кредитийн төлбөрийн хэмжээнээс хамаарна.

Холбоо барих:

СЭЗИС-ийн А байрны 206-1, 206-2 тоот өрөө
Утас: 7015 0261
И-мэйл: cec@ufe.edu.mn

Хамт олон: