Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Оюутны сэтгэгдэл

Б.Гантулга

Би 2014 оны намар СЭЗИС-ийн шинэ хөтөлбөр болох шаталсан сургалттай бакалаврын хөтөлбөрийн теллерийн ангид анхны элсэгчээр элсэн орсон.

Энэ хөтөлбөрт суралцсанаар маш том боломжууд миний өмнө нээгдсэн юм. Бүрэн дунд боловсролоос дээд боловсрол эзэмшихээр суралцах хугацаандаа 1-р курст теллерийн мэргэжил эзэмшсэн.

Сургалтын явцад болон дадлага хийх хугацаанд банкуудтай хамртан ажилласан нь мэргэжлийн ур чадварыг эзэмшихээс гадна биднийг ажил олгогчид таниулах боломжоор хангаж өгсөн явдал байсан юм.

1-р курсээ төгсөөд теллерийн мэргэжил эзэмшсэнээр Улаанбаатар хотын банкинд ажиллах саналыг хүлээн авсан минь амьдралд том боломжийг нээсэн үйл явдал байсан.

Дараагийн жилээс суралцахынхаа зэрэгцээ ажиллах боломжийг сургуулиас олгож өгдөг нь мэргэжлээрээ суралцан бакалаврын зэрэг хүртэхээс гадна ажлын туршлага хуримтлуулж, цаашид суралцах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа явдал нь надад олдсон маш том боломж юм...

Дээд боловсрол эзэмшиж амжаагүй байж банкинд теллер гэсэн мэргэжлээр ажиллана гэдэг бараг л боломжгүй зүйл байсан ч СЭЗИС-иас бидэнд зориулсан хөтөлбөрийн ачаар мөн өөрийн хичээнгүй шаргуу хөдөлмөрийн үр дүнд бүгд бодит биелэл болсон юм.

Үргэлжлүүлэн санхүүгийн менежментийн ангид суралцаж ирэх жил төгсөх ба цаашид мэргэших чиглэлээ тодорхойлж, даатгалын салбарт ажиллахаар сонирхож, энэ чиглэлээрээ туршлага хуримтуулахаар төлөвлөөд байна.

Их сургуулиа төгсөхөөсөө өмнө хоёр ч санхүүгийн байгууллагад ажиллаад мэдлэг мэдээлэл их цуглуулахаас гадна маш сайн ажлын туршлагатай болсон байна гэдэг том давуу тал болох нь мэдээж.

Манай шаталсан сургалтын хөтөлбөр нь олон хүнд амьдралынх нь гарааг эхлүүлэх үүд хаалгыг нээж, хүсэл мөрөөдөлд нь хүрэх замын чиглүүлэгч нь байна гэдэгт итгэлтэй байна...

Адъяагийн Тунгалаг

Би СЭЗИС-д НББ мэргэжлээр суралцсан минь миний хамгийн зөв сонголт байсан гэж боддог. Оюутан байх хугацаандаа мэргэжлийн англи хэлний улсын олимпиадад хувийн амжилтаар дэд байр, татварын улсын олимпиадад багаараа тэргүүн байр, ОХУ-ын Санкт Петербургийн Эдийн Засгийн Их Сургуулиас зохион байгуулсан НББ-ийн тэмцээнд шагналт байр, НББ-ын улсын 20-р олимпиадад хувийн болон багийн амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн нь мартагдашгүй дурсамжууд болон үлдсэн юм.

Голомт банкны шилдэг 100 оюутан, Ernst Young аудитын компанийн тэтгэлэг, АНУ төрийн департментаас санхүүжүүлдэг SUSI хөтөлбөрийн тэтгэлэг, сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлгүүд гээд нийт 37 сая гаруй төгрөгийн тэтгэлэг авч байсан нь өөрөө л хичээвэл суралцах маш их боломжийг манай сургууль бүрдүүлж өгдөгийг харуулж байгаа юм. Энэ бүх амжилтыг минь хамт бүтээлцсэн сургуулийн хамт олон, багш нартаа баярлалаа.

Батболдын Уянга

Би СЭЗИС-ийн санхүүгийн менежментийн 4-р курст суралцдаг. 3-р курстээ Люксенбургийн вант улсын Миами-н их сургуулийн европ дахь салбар сургуульд 3 сар суралцах тэтгэлэг авсан юм. Суралцах хугацаандаа европын бүх улс руу аялах гайхалтай боломжоор хангадаг. Тухайн жилдээ зун Америкт SUSI Women’s Leadership program-д хамрагдсан бөгөөд энэхүү солилцооны хөтөлбөр нь Америкийн засгийн газраас ивээн тэтгэдэг. Жилдээ Монголоос 3-4 оюутан хамрагддаг нь СЭЗИС-ийн оюутнууд хамрагдах таатай боломж юм.

Мөн СЭЗИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлгийг 3 удаа, Голомт банкны тэтгэлгийг 2 удаа, Зориг сангийн тэтгэлгийг 1 удаа хүртэж байсан. Өөрөө хичээгээд хичээлдээ шамдан суралцвал тэтгэлэг авах боломж хэн бүхэн нээлттэй. СЭЗИС-д суралцах хугацаандаа нийт 50.771.250 төгрөгийн тэтгэлэг авсан байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье! Хүн бүрт ижил боломж байгаа шүү!