Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Бизнесийн эрх зүй

Бизнесийн эрх зүй мэргэжлээр эрх зүйн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь эрх зүйн хичээлүүдээс гадна эдийн засаг, бизнесийн хичээлүүдийг уялдаа холбоотойгоор тусгахын зэрэгцээ мэргэжлийн ур чадварын хичээлийг оруулсан, улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалт юм.

Хөтөлбөрийн онцлог нь эрх зүйн бакалаврын боловсролын агуулга, арга зүй, сургалтын орчны нийтлэг шаардлагын хүрээнд эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөц, бизнесийн удирдлагын мэдлэгтэй, олон улсын болон дотоодын эдийн засаг, бизнесийн харилцаанд эрх зүйн эрсдэлгүй оролцох, хууль зүйн хамгаалалтын механизмыг үр нөлөөтэй ашиглах мэдлэг, чадвар олгоход оршино.

Хугацаа Нийт кредит
4 жил 136 кредит

Ажлын хараа

Монгол улсын дээд боловсролын салбарт бизнесийн эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг жишиг хөтөлбөр болж хөгжинө.

Эрхэм зорилго

Эрх зүйн шинжлэх ухааны онол аргазүй, олон улсын эрх зүй судлалын жишиг, Монголын төр, хууль цаазны түүхэн уламжлал, шинэчлэлд тулгуурласан, хүний хөгжлийг хангахуйц чанартай сургалт явуулж, эдийн засаг болон эрх зүйн мэдлэгийг оновчтой хослуулсан, мэргэжлээрээ өрсөлдөх чадвартай, бизнесийн эрх зүйч мэргэжлийн үнэт зүйлс, соёл төлөвшсөн мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд оршино.

Мэргэжлийн тодорхойлолт

Олон улсын болон үндэсний хөрөнгө оруулалт, худалдаа, бусад эдийн засгийн харилцааны эрх зүйн эрсдлийг тооцож, хууль зүйн хамгаалалтыг оновчтой хэрэгжүүлдэг, эдийн засаг, бизнесийн удирдлагын мэдлэгтэй мэргэжилтэн юм.

Мэргэжлийн хичээлүүд

  • Иргэний эрх зүй I,II
  • Иргэний процессын эрх зүй
  • Захиргааны эрх зүй
  • Захиргааны процессын эрх зүй
  • Эрүүгийн эрх зүй
  • Эрүүгийн процессын эрх зүй
  • Бизнесийн эрх зүй I,II
  • Олон улсын бизнесийн эрх зүй
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүй
  • Санхүүгийн эрх зүй
  • Оюуны өмчийн эрх зүй
  • Экологийн эрх зүй
  • Хувийн эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээ
  • Нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээ
  • Хууль зүйн баримт бичгийн боловсруулалт
  • Байгууллагын зан төлөв, хүний нөөцийн менежмент
  • Санхүүгийн бүртгэл I,II
  • Санхүүгийн менежмент I,II
  • Удирдлагын бүртгэл
  • Татварын бүртгэл
  • Үйлдвэрлэл үйл ажиллагаа, стратегийн менежмент
  • Аудит
  • Бизнесийн төлөвлөгөө
  • Компанийн засаглал

Олгох мэдлэг

  • Эрх зүй, төрийн онолын мэдлэг
  • Мэргэжлийн ёс зүйн мэдлэг
  • Хувийн болон нийтийн эрх зүйн суурь мэдлэг
  • Эдийн засаг болон бизнесийн харилцаанд үүссэн эрх зүйн зөрчил, маргаанд хууль зүй, эдийн засгийн үндэслэлтэй шинжилгээ, дүгнэлт хийх, шийдвэр гаргах, санал боловсруулахад шаардлагатай мэдлэг
  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн удирдлагын онол, хэрэглээний суурь мэдлэг
  • Ерөнхий болон мэргэжлийн англи хэлний мэдлэг

Олгох чадвар

Мэргэжлийн чадвар:

  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чадвар
  • Хууль, тогтоомж үндэслэлтэй тайлбарлах, сонгох, хэрэглэх чадвар
  • Байгууллагын эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, эрх зүйн үр дагаврыг тогтоох чадвар
  • Байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг төр, хууль, хяналтын байгууллагад төлөөлөх чадвар
  • Эрдэм шинжилгээний ажил, бизнесийн орчны болон бодлогын судалгаа хийх, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэглэх чадвар
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн анхан шатны баримт бичгийг унших, зөвлөх, хянах чадвар

Техникийн чадвар:

  • Хууль, эрх зүйн баримт бичгийг стандартын дагуу боловсруулах чадвар
  • Мэдээлэл боловсруулах чадвар
  • Багаар ажиллах, мэтгэлцэх, өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Хууль, эрх зүйн баримт бичиг орчуулах чадвар
  • Компьютерын хэрэглээний болон судалгааны программ ашиглах, чадвар

Оюутны гаргасан амжилт

  • “Business law”-2011, 2012, 2013 оюутны Эрдэм шинжилгээний хуралд 2 удаа III байр эзэлж, тусгай шагнал хүртсэнээс гадна “Эврика-2015” залуу багш, оюутны Эрдэм шинжилгээний их хурлын эрх зүйн салбар хуралдаанд III байр тус тус эзэлсэн.
  • 2015 онд оюутан Г.Ундрам “Оюу Толгой” компанийн Залуусын Хөгжлийн Хөтөлбөрийн шилдэг оюутнаар шалгарсан.
  • 2016 онд оюутан Г.Ундрам Бүгд Найрамдах Кипр улсын International Cyprus University – 4 жилийн сургалтын тэтгэлэг хүртсэн.
  • 2016 оны элсэгч оюутан А.Билгүүн нь ГХЯ, МУИС, ОУХ, Нийтийн удирдлагын сургуулиас зохион байгуулсан “НҮБ-ийн загвар хуралдаан”-д “Сирийн хямрал” сэдвийн хүрээнд Ерөнхий ассамлейн төлөөлөгчөөр оролцож, англи хэлээр илтгэл хэлэлцүүлж ”Шилдэг илтгэгч” –ээр шалгарсан.
  • 2016 оны элсэгч оюутан М.Бат-Оргил нь ГХЯ, МУИС, ОУХ, Нийтийн удирдлагын сургуулиас зохион байгуулсан “НҮБ-ийн загвар хуралдаан”-д Ангол улсыг төлөөлж Ерөнхий ассамлейн төлөөлөгчөөр амжилттай оролцсон.
  • 2015 оны элсэгч оюутан Г.Тэмүүжин нь “Student Leadership Program” буюу Манлайлагч оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан. Мөн “Үзэсгэлэнт Улаанбаатар Цом”2018 Нэг бүс, нэг зам Монгол-Хятадын 2 дахь удаагийн өртөөт марафонд B5 залуучуудын ангилалд 5 дугаар байранд орсон.
  • 2017-2018 оны хичээлийн жилд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээнд анх удаа оролцoж хоёрдугаар байрт шалгарсан.
  • 2016 оны элсэгч Б.Батбаяр 2018 онд Их засаг их сургуулиас зохион байгуулсан Ж.Цэвээний нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд “ Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтан, Академич Ж. Болдбаатарын намтар судлал”-аар илтгэл хэлэлцүүлж тусгай байрт шалгарсан.
  • Монголын Хуульчдын Холбооноос 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Иргэний эрх зүйн гэрээ ба худалдааны хэлцэл” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оюутан Э.Элбэгзаяа, М.Оюу-Эрдэнэ нар оролцож илтгэл нь “Шилдэг илтгэл”-ээр шалгарсан.

Ажлын байр, албан тушаал

  • Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх, гэрээний хуульч
  • Бүх шатны шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажилтан
  • Өмгөөллийн нөхөрлөлд хуулийн ажилтан
  • Төр, засаг захиргааны байгууллагад хуулийн мэргэжилтэн
  • Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан

СЭЗИС-ийг сонгох шалтгаан

  • Хөтөлбөр хэрэгжүүлэх сургууль нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн
  • Шүүх хуралдаан, практик сургалтын танхимд сургалт явагддаг.
  • Мэргэжлийн болон бусад 57300 ном, сурах бичиг бүхий номын сангаар үйлчилнэ.
  • Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн зэрэг цолтой, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг багш нартай.
  • Төр, хувийн хэвшлийн байгууллагад дадлагаждаг.
  • Багш, өмгөөлөгчийн удирдлага дор ахлах курсийн оюутнууд хууль зүйн анхан шатны зөвлөгөөг өгч, үйлчилгээ үзүүлдэг.
  • Эрх зүйн “АКСИ” клубийн гишүүн болсноор онолын мэдлэгээ бататгаж, судалгаа хийх чадвараа сайжруулдаг.
  • Эдийн засаг, банк, санхүүгийн үндсэн мэдлэг эзэмшсэн бизнесийн эрх зүйчээр бэлтгэгдэнэ.
  • Бизнесийн үйл ажиллагааг хууль зүйн эрсдэлгүй явуулах аливаа гарц, шийдлийг олж, санаачлан хэрэгжүүлэгч
  • Хэл яриа, бичгийн чадвар, харилцааны соёл эзэмшсэн ёс суртахуунлаг мэргэжилтэн болж төлөвшинө.

Холбоо барих:

Тэнхимийн утас: 70153476
В байрны 5 давхар, 503 тоот

СЭЗИС, БНХАУ-ын Далианы их сургуулийн /ДИС/ хамтарсан “Бизнесийн эрхзүйч” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр

СЭЗИС нь БНХАУ-ын Далианы их сургуультай /ДИС/ хамтран “Бизнесийн эрхзүйч” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго: Глобаль орчин, тухайлбал Монгол, Хятадын бизнесийн болон хууль, эрхзүйн орчинд зохицон ажиллах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах чадвартай, хятад хэлний өндөр мэдлэг боловсрол, соёл эзэмшсэн, бизнесийн чиглэлээр мэргэшсэн эрхзүйч бэлтгэхэд оршино.

Далианы их сургууль бол мужийнхаа хамгийн том их сургууль бөгөөд сургалт, судалгааны чанараараа мужийн тэргүүн зэрэглэлийн сургуулиудын тоонд багтдаг. Энэ сургууль нь Далианы эдийн засаг, технологийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүсэд байрладаг. Тус сургууль 1024 багш, 15000 гаруй оюутантай бөгөөд Олон улсын соёлын солилцооны коллежид нь 100 гаруй гадаад оюутан суралцдаг. Далианы их сургууль нь чадварлаг боловсон хүчний нөөцийн эх уурхай гэдэг үнэлгээг хотоосоо авчээ. Далиан хот нь цаг агаарын хувьд нэн тохиромжтой зундаа сэрүүн, өвөлдөө дулаан далайн эргийн үзэсгэлэнт хот юм.



Бизнесийн эрхзүйн бакалаврын зэрэг олгох сургалтыг Монгол улс, БНХАУ-д дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх стандартын шаардлагад нийцүүлэн явуулна. Тус хөтөлбөрт элссэн оюутан СЭЗИС-д 2 жил суралцах бөгөөд энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд (HSK) 4 зэрэг авсан оюутан Далианы их сургуульд 3,4-р курстээ суралцах эрхтэй болно. Оюутан ДИС-д амжилттай суралцсан тохиолдолд сургууль, хот, мужийн тэтгэлэг хүртэх боломжтой. Оюутан Далианы их сургуульд 3,4-р курстээ үргэлжлүүлэн суралцаж, ХХТТШ (HSK)–ийн 5 зэргийн болзлыг хангасан тохиолдолд хоёр сургуулийн бакалаврын зэрэг, дипломтой төгсөнө.



Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр хятад хэлийг эрчимтэй судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Хятад хэлийг Далианы их сургуулиас манайд уригдан ирсэн мэргэжилтэн багш болон туршлагатай монгол багш нар заадаг.

Хөтөлбөрт элсүүлэх болзол:
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Математик, Нийгмийн тухай мэдлэгийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд ДИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.