Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Бизнесийн удирдлага

Бизнесийн удирдлага мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалттай. Ерөнхий суурь хичээлүүдээр суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 44 кредит цаг, мэргэжлийн суурь хичээлүүдээр бизнесийн менежмент мэргэжлээр зайлшгүй эзэмших шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 54 кредит цаг ба мэргэших чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 40 кредит цагийн хичээл судална.

Хугацаа Нийт кредит
4 жил 132 кредит

Алсын хараа

Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан сургалт, судалгаа, шинжилгээ эрхэлдэг тэргүүлэх бизнесийн сургууль болно.

Эрхэм зорилго

Бизнесийн менежментийн чиглэлийн сургалт, судалгааны ажлыг хөгжүүлж, байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч дунд түвшингийн удирдагчдыг бэлтгэнэ.

Мэргэжлийн хичээлүүд

  • Менежментийн үндэс
  • Байгууллагын зан төлөв
  • Хүний нөөцийн менежмент
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
  • Стратегийн менежмент
  • Бизнесийн харилцаа
  • Олон улсын бизнес
  • Бизнесийн судалгаа ба шинжилгээ
  • Бизнес төлөвлөгөө
  • Төслийн менежмент
  • Байгууллагын хөгжил ба манлайлал
  • Жижиг дунд бизнесийн менежмент
  • Менежментийн орчин үеийн асуудлууд
  • Бүтээмжийн менежмент
  • Компанийн засаглал

Олгох мэдлэг

  • Хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик, компьютерийн суурь мэдлэг
  • Санхүүгийн үндсэн мэдлэг болон нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн онолын суурь мэдлэг
  • Байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, түүнийг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж чадахуйц онолын мэдлэг
  • Бизнесийн гадаад болон дотоод орчны судалгаа хийх, үр дүнг тайлагнах замаар удирдлагын шийдвэр гаргахад туслах мэдээлэл болон бизнес төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх онолын мэдлэг

Олгох чадвар

  • Бизнесийн орчны судалгаа хийх чадвар
  • Тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж, шинжлэн, дүгнэх чадвар
  • Байгууллагын үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцийн удирдлагын хүрээнд удирдлагын шийдвэр гаргалтад зориулсан төлөвлөлт хийх, шийдвэр гаргах, тайлан бэлтгэх чадвар
  • Компьютерийн хэрэглээний болон өгөгдөл боловсруулах програм хангамжуудыг ашиглах чадвар
  • Бизнесийн харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй, сонсох, бичих, илтгэх болон манлайлах чадвар

Оюутны гаргасан амжилт

  • БШУЯам, “Жандагсүрэн” сангаас жил бүр явуулдаг “Менежментийн Улсын Олимпиад”-д тогтмол эхний байруудыг эзэлдэг. 9 дэх жилдээ болж буй Улсын олимпиадаас нийтдээ 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль багаар, хувийн дүнгээр 3 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, “Шилдэг илтгэгч”, “Шилдэг удирдагч” багшаар шалгарсан.
  • МХНММХолбооноос жил бүр явуулдаг монголын хүний нөөцийн менежментийн улсын 1, 4, 5, 6-р олимпиадад багийн болон хувийн дүнгээр нийтдээ 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, “Шилдэг удирдагч” багшийн шагналыг хүртсэн.
  • Мэдлэгийн менежментийн улсын 3 удаагийн олимпиадад оролцож, багийн дүнгээр 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн.

Ажлын байр, албан тушаал

  • Хүний нөөцийн менежер, мэргэжилтэн
  • Төслийн менежер, мэргэжилтэн
  • Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Байгууллагын бүх шатны менежер
  • Бизнесийн судлаач
  • Үндсэн үйл ажиллагааны менежер, мэргэжилтэн
  • Бизнесийн зөвлөх

СЭЗИС-ийг сонгох шалтгаан

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэнэ.
  • Багшлах боловсон хүчин гадаад, дотоодын томоохон их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, олон жил ажилласан дадлага туршлагатай
  • Багийн болон хувийн ажиллагаанд суурилсан бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалттай
  • Багш оюутны хамтын ажиллагаанд тулгуурлан бизнесийн бодит практик орчинд судалгаа явуулж, шийдвэр гаргалтын хувилбарууд дээр ажилладаг
  • Бизнесийн менежментийн мэргэжлээр томоохон бизнесийн байгууллагуудад орж ажилладаг

Холбоо барих:

Тэнхимийн утас: 70158825
В байрны 6 давхар, 602, 607 тоот

СЭЗИС, БНСУ-ЫН Хандоны глобаль их сургуулийн /ХГИС/ хамтарсан “Бизнесийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр

СЭЗИС, Хандоны глобаль их сургууль /ХГИС/ хамтран “Бизнесийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.

БНСУ-ын ХГИС нь 3900 гаруй оюутан, 300 гаруй багштай бөгөөд гадаадын 30 гаруй орны оюутан уг сургуульд суралцдаг. ХГИС нь БНСУ-ын боловсролын шинэчлэлийн манлайлалд явдаг бөгөөд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн IEQAS байгууллагаар 2015 онд магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. Уг сургууль нь БНСУ-д анх удаа боловсролын глобалчлалыг чухалчлан үзэж байгаа сургуулийн хувьд нийт мэргэжлийн үндсэн хичээлийн 30 гаруй хувь нь англи хэл дээр ордог бөгөөд цаашид үүнийг 50 хувьд хүргэх зорилттой байна.



2006 онд Нэгдсэн үндэстний боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага / ЮНЕСКО/ нь ХГИС-ийг UNITWIN /University Twinning and Networking Programme/ буюу олон улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа, сүлжээний хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиар сонгосон байна.



“Бизнесийн менежмент” мэргэжлийг сонгосон оюутнууд СЭЗИС-д 1, 2-р курст амжилттай суралцсаны дараа ХГИС-ийн оюутан элсүүлэх журмын дагуу сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэнээр 3, 4-р курстээ тус сургуульд шилжин суралцаж, хоёр сургуулийн бакалаврын зэргийн дипломтай төгсөнө. Сонгон шалгаруулалтанд оролцох оюутнуудад сурлагын дүн нь 2.75–с дээш голчтой байх, англи хэлний түвшин тогтоох шалгалт буюу Paper Based Test /PBT/ өгч 550-аас дээш оноо авсан байх гэсэн ерөнхий шаардлагыг тавина. Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр англи хэлийг эрчимтэйгээр судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Амжилттай сайн суралцсан оюутнууд ХГИС-д шилжин суралцахдаа сургалтын төлбөрийн 50%-100%-ийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Хөтөлбөрт элсүүлэх болзол:
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд ХГИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.

СЭЗИС, БНСУ-ЫН Вуусон их сургуулийн Солбридж бизнесийн сургуультай хамтарсан “Бизнесийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр

СЭЗИС, Солбридж бизнесийн сургууль /СБС/ хамтран “Бизнесийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.

Солбридж бизнесийн сургууль нь Өмнөд Солонгосын Дэжон хотод байрладаг. Тус сургууль нь 2014 оны 5-р сарын 9-нд AACSB хэмээх олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн ба дэлхийн дээрх нийт бизнесийн сургуулиудын 5% орчим нь л энэхүү байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн байдаг. СБС-д бүх хичээл нь англи хэлээр заагддаг ба АНУ-ын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус сургуулийн оюутнуудын 80 орчим хувийг гадаад оюутнууд эзэлдэг ба дэлхийн 35 гаруй орноос ирж суралцдаг байна. Мөн нийт багшлах боловсон хүчний 80%-ийг олон улсад нэр хүндтэй их сургуулиудыг төгссөн профессорууд бүрдүүлдэг. Тус сургуульд элсэн орсон оюутнууд солонгос, япон, хятад хэлнээс аль нэгийг нь сонгон суралцах боломжтойгоороо давуу талтай.



Солбридж бизнесийн сургууль нь хурдацтай хөгжиж буй Азийн эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулж, мэдлэг чадвараараа манлайлах шилдэг удирдагчдыг бэлтгэх зорилготой ба хичээлээ онол, практикийг хослуулан явуулдаг. Амжилттай сайн суралцсан оюутан сургалтын төлбөрийн 50%-70%-ийн тэтгэлэг хүртэх боломжтой.



“Бизнесийн менежмент” мэргэжлийг сонгосон оюутнууд 1, 2-р курст СЭЗДС-д, 3, 4-р курст СБС-д шилжин суралцаж хоёр сургуулийн бакалаврын зэргийн дипломтай төгсөнө. СЭЗИС-д 2 жил суралцсаны дараа СБС-ийн оюутан элсүүлэх журмын дагуу сонгон шалгаруулалтанд оролцсоноор СБС-д суралцах эрхийг олж авна. Сонгон шалгаруулалтанд оролцох оюутнуудад сурлагын дүн нь 2.7-с дээш голчтой, англи хэлний түвшин тогтоох шалгалт буюу Paper Based Test /PBT/ өгч 550-с дээш оноо авсан байх гэсэн ерөнхий шаардлагыг тавина. Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр англи хэлийг эрчимтэйгээр судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна.

Хөтөлбөрт элсүүлэх болзол:
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд СБС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ

СЭЗИС, БНХАУ-ЫН Далианы их сургуулийн /ДИС/ хамтарсан “Бизнесийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр

СЭЗИС, Далианы их сургуультай /ДИС/ хамтран “Бизнесийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго: Монголын бизнесийн орчны өөрчлөлтөд оновчтой хариу үйлдэл үзүүлэхүйц удирдлагын шийдвэрийг манлайлан хэрэгжүүлдэг, зах зээл дээр өрсөлдөж чадахуйц, шинэлэг сэтгэлгээтэй, хятад хэлийг сайтар эзэмшсэн шинэ үеийн шилдэг менежерийг бэлтгэхэд оршино.

Далианы их сургууль бол мужийнхаа хамгийн том их сургууль бөгөөд сургалт, судалгааны чанараараа мужийн тэргүүн зэрэглэлийн сургуулиудын тоонд багтдаг. Энэ сургууль Далианы эдийн засаг, технологийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүсэд байрладаг. Тус сургууль 870 гаруй багш 13000 гаруй оюутантай бөгөөд Олон улсын соёлын солилцооны коллежид нь 100 гаруй гадаад оюутан суралцдаг. Далианы их сургууль нь чадварлаг боловсон хүчний нөөцийн эх уурхай гэдэг үнэлгээг хотоосоо авчээ. Далиан хот нь цаг агаарын хувьд нэн тохиромжтой зундаа сэрүүн, өвөлдөө дулаан далайн эргийн үзэсгэлэнт хот юм.



Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр хятад хэлийг эрчимтэй судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Хятад хэлийг Далианы их сургуулиас манайд уригдан ирсэн мэргэжилтэн багш болон туршлагатай монгол багш нар заадаг.



Оюутан СЭЗИС-д хоёр жил суралцсаны дараа Хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд (HSK) 4 зэрэг авсан ба СЭЗДС-д 2 жил суралцах хугацаандаа 2.75-аас дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд БНХАУ-ын Далианы их сургуульд суралцах эрхээ авна. Оюутан ДИС-д амжилттай суралцсан тохиолдолд сургууль, хот, мужийн тэтгэлэг хүртэх боломжтой. Оюутан Далианы их сургуульд 3,4-р курстээ үргэлжлүүлэн суралцаж, ХХТТШ (HSK)–ийн 5 зэргийн болзлыг хангасан тохиолдолд хоёр сургуулийн бакалаврын зэрэг, дипломтой төгсөнө.

Хөтөлбөрт элсүүлэх болзол:
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд ДИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.

СЭЗИС, Санхүү эдийн засгийн Донг бэй их сургуулийн /СЭЗДИС/ хамтарсан “Бизнесийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр

СЭЗИС, БНХАУ-ын Санхүү эдийн засгийн Донг Бэй их сургуультай /СЭЗДИС/ хамтран “Бизнесийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.

СЭЗДИС нь 1952 онд байгуулагдсан ба Далиан хотын зүүн өмнө зүгт хотын төвөөс10 км-ийн зайд байрладаг. 2010 онд Хятадын үндэсний мэргэжлийн чухал хөтөлбөртэй сургуулиудын тоонд багтсан байна. Тус сургууль нь 19 мянга гаруй оюутан суралцагч, 1900 гаруй эрдэмтэн багштай. Дэлхийн 18 орны 95 их дээд сургуультай хамтран ажилладаг ба 600 гаруй гадаад оюутантай.

Тус хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан эхний 2 жил СЭЗИС-д суралцах ба энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд (HSK) 4 зэрэг авсан оюутан СЭЗДИС -д 3,4 курсдээ шилжин суралцах эрхтэй болно.



СЭЗДИС нь тус хөтөлбөрт хамрагдсан СЭЗИС-ийн оюутнуудад зориулан сурлагын амжилт, хичээлийн ирц, оролцоог харгалзан 30% хүртэл оюутнуудад 10-50%-ийн тэтгэлэг олгоно.

Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр хятад хэлийг эрчимтэй судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Хятад хэлийг манай сургуульд уригдан ирсэн мэргэжилтэн багш болон туршлагатай монгол багш нар заадаг.

Хөтөлбөрт элсүүлэх болзол:
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд СЭЗДИС -ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.

Хөтөлбөр Хугацаа Нийт кредит
Бизнес болон Эдийн засгийн бакалаврын зэрэгтэй элсэгчид 1.5 жил 64 кредит
Бакалаврын зэрэгтэй элсэгчид 2.5 жил 94 кредит

Хөтөлбөрийн зорилго

Бакалаврын зэрэг олгох орой, эчнээ хөтөлбөрийн зорилго нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах орчин үеийн системтэй мэдлэг, чадварыг хэрэглэгчдийн оршин суугаа газраас үл хамааран цаг зав, боломжид тулгуурлан хөгжүүлэх сургалтыг зохион байгуулахад оршино.

Та их, дээд сургууль, коллеж, техникумыг

бакалаврын зэрэгтэй,
мэргэжлийн дунд боловсролтой төгссөн,
их, дээд сургуулийн төгсөх курст
амжилттай суралцаж байгаа бол дараах хэлбэрүүдээр суралцаж болно. Үүнд:
  • ОРОЙ
  • ЭЧНЭЭ:
    Бямба гаргийн эчнээ
    Ухаалаг Цахим эчнээ
    Уламжлалт эчнээ
    Орон нутгийн эчнээ

Байгууллагын захиалгат сургалт

Тухайлсан салбар болон байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурласан төслийн удирдлага, судалгаа шинжилгээний орчин үеийн арга хандлага, стратегийн удирдлагаар мэргэшүүлэх бакалаврын зэрэг олгох захиалгат сургалтыг санал болгож байна. Хичээллэх өдөр, цаг, суралцах хугацаа, сургалтын хэлбэрийг уян хатан зохион байгуулах боломжтой бөгөөд сургалтад хамрагдах хүний тоо 20-оос доошгүй байх шаардлагатай.

Оройн сургалт

Жил бүр 9-р сарын ажлын эхний өдрөөс эхлэн 7 хоногийн ажлын 3 өдөр (Даваа, Мягмар, Лхагва гарагт) 16:00-21:10 цагт 8 долоо хоног хичээллэх танхимын сургалтын 4 модуль, 4 долоо хоног үргэлжлэх өвөл, зуны ухаалаг цахим сургалтын 2 модуль сургалтаас бүрдэнэ. Танхимын сургалтаар модуль бүр 9 кредит, цахим сургалтаар 3-6 кредитийн хичээл судална.

Бямба гаргийн сургалт

Жил бүр 9-р сарын эхний бямба гаргаас эхлэн бямба гараг бүр 8:00-18:10 цагт хичээллэх, тус бүр 8 долоо хоног үргэлжлэх танхимын сургалтын 4 модуль, 4 долоо хоног үргэлжлэх өвөл, зуны ухаалаг цахим сургалтын 2 модуль сургалтаас бүрдэнэ. Танхимын сургалтаар модуль бүр 9 кредит, цахим сургалтаар 3-6 кредитийн хичээл судална.

Ухаалаг цахим эчнээ сургалт

Ухаалаг цахим эчнээ сургалт нь тус бүр 8 долоо хоног үргэлжлэх 5 модуль цахим сургалтаас бүрдэх бөгөөд модуль бүр 6 кредит, хичээлийн жилд нийт 30 кредитийн хичээл судална. Энэ сургалтын онцлог нь мэдээллийн дэвшилтэт технологиор хичээллэх цахим анги, цахим сургалтын талбар, цахим хэлэлцүүлэг, цахим лекц, семинар бүхий ухаалаг сургалт юм.

Уламжлалт эчнээ сургалт

Жил бүрийн 4 болон 10 сард ажлын 5 өдөр 9:00-18:00 цагийн хооронд танхимын сургалтаар хичээллэнэ. Өвөл болон зуны улиралд тус бүр 3-6 кредит цагийн хичээлийг ухаалаг цахим хэлбэрээр судална.

Орон нутгийн эчнээ сургалт

Аймаг орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтээр тухайн орон нутагт эчнээ сургалтын салбар нээгдэх бөгөөд хичээл эхэлсэн сарыг 1-р улирал гэж тооцох ба дараагийн улирал нь 6 сараас багагүй хугацааны дараа байна.

Түгээмэл асуултууд:

Элсэн орохдоо шалгалт өгдөг үү?
Бүх элсэгч түвшин тогтоох шалгалтад орно. Шалгалтын зорилго нь таны эзэмшсэн өмнөх мэргэжил, боловсрол нь санхүү, бизнесийн мэргэжлийн хичээлийг судлахад шаардагдах ерөнхий суурь, мэдлэг чадварыг олгосон эсэхийг тодорхойлох, үүнтэй холбоотой ямар хичээлийн агуулгыг нэмэлтээр судлах хэрэгцээ, шаардлага байгаа талаар зөвлөн туслахад оршино.

Суралцах хугацаа?
Та бакалаврын зэрэгтэй бол 1,5-2 жил, мэргэжлийн дунд болон төгсөх курсийн оюутан бол 2-3 жилийн хугацаанд суралцаж төгсөх боломжтой.

Төлбөр төлөх хугацаа, давтамж болон төлбөрийн хэмжээ
Төлбөрийг тухайн модульд судлах хичээлийн кредитийн хэмжээгээр төлнө. 1 кредитийн төлбөр: орой-163000₮, бямба-158000₮, ухаалаг цахим-114000₮, эчнээ-143000₮.

Сургалтын зохион байгуулалт, элсэлт, бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

ept@ufe.edu.mn
70150261
admission.ufe.edu.mn