Санхүү эдийн засгийн их сургууль
Алсын хараа:
Даян дэлхийн тогтвортой хөгжил, эх орныхоо өрсөлдөх чадварт үнэ цэнэтэй хувь нэмэр оруулах манлайлагчдыг бэлтгэнэ.
Эрхэм зорилго:
Олон улсын жишигт нийцсэн, дижитал, энтрепренер их сургууль болсон байна.
Уриа:
Эрхэм баян эрдэм
Үнэт зүйлс:
СЭЗИС-ийн тухай товч танилцуулга:
Манай сургууль анх 1924 оны 6-р сард Монгол улсын сангийн яамны дэргэд гаалийн түр сургууль нэртэйгээр байгуулагдсан байна. Анх 6 багштай 1 хичээлийн байртайгаар улс орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж сургууль маань өнөөдөр 300 гаруй багш ажилтантай, 6000 оюутантай өнөр хамт олонтой болж өсөн дээшиллээ.
Анх бүртгэл, гаалийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн СЭЗИС өнөөдөр 15 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа ба 40000 гаруй төгсөгчидтэй болжээ. Бид түүхэн он жилүүдэд Монгол улсын түүхийн үе бүрд сургууль маань улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, өндөр хариуцлагатай, шударга сэхээтнүүдийг олноор бэлтгэн гаргаж ирсэн бөгөөд өнөөдөр манай хамт олны эгнээнээс Цэнгэлтийн Жигжиджав, Юмжаагийн Цэдэнбал, Думаагийн Содном, Ринчиннямын Амаржаргал зэрэг Монгол улсын 4 ерөнхий сайд төрөн гарчээ. Нэгэн зууны түүхтэй, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, С.Довчингийн нэрэмжит СЭЗИС-ийн үе үеийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, удирдлага, хамт олны бүтээсэн бахдам түүхийг бид үргэлжлүүлнэ.
СЭЗИС-ийн эрдэмтэн, багш нар нь технологийн хөгжлөөр хувьсан өөрчлөгдөж байгаа бизнесийн орчинг анхааралтай ажиглаж, ямагт шинийг эрэлхийлж, сүүлийн үеийн судалгаа, мэдээ мэдээллээр хичээлийн агуулгыг сайжруулан оюутан залуустаа мэдлэгийг түгээж байна. Орчин цагийн дижитал шилжилтийг гардан бүтээлцэх оюутнууд маань ирээдүйн ажлын байранд бэлтгэгдсэн байхад бид тогтмол анхаарч, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрөө жил бүр зах зээлийн эрэлт хэрэгцээ, бизнес эрхлэгч, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулж байна. Өөрөөр хэлбэл алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ хамт олноороо хэлэлцэн өөрчилж, бакалаврын болон магистрын түвшний сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна.
Оюутан бүрд ялгаатай сургалтын хөтөлбөр санал болгож, уян хатан хэлбэрээр суралцах боломжийг олгох бодлого баримталж байна. Ингэснээр НББ, санхүү, банк, даатгал, эдийн засагч, эрх зүйч, худалдаа, маркетинг, бизнесийн удирдлага, мэдээллийн систем, дата аналист, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, энтрепренершип, орчуулагч мэргэжлүүдээр дан болон хос хавсарга хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой.
2021-2022 хичээлийн жилд докторын 2, магистрын 7, бакалаврын 15 сургалтын ялгаатай хөтөлбөрөөр танхим болон цахим хэлбэрээр, урт болон богино хугацаанд сонгон суралцах боломжийг оюутан, суралцагчиддаа олгож байна. Доктор, магистрын зэргийн сургалтыг ахисан түвшний судалгааны ажилд төвлөрүүлэн, орчин үеийн тулгамдсан салбар дундын шинжтэй асуудлыг шийдэх академик болон прагматик судалгааг чухалчилж байна.
СЭЗИС нь дижитал зууны иргэн бэлтгэхэд ихээхэн анхаарч хичээл бүрийн агуулгад мэдээллийн технологийн чиглэлийн агуулгын баяжилт хийж байгаагийн зэрэгцээ мэргэжил бүрийн сургалтын хөтөлбөрт мэдээллийн технологийн хичээлүүдийн багц цагийг нэмэгдүүлсэн. СЭЗИС 2021 онд шинжлэх ухаан, технологийн шинэ эрин, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрэлт хэрэгцээ, сорилтод тулгуурлан сургуулийн урт хугацааны хөгжлийн бодлогоо 2031 он хүртэл хэлэлцэн баталсан.
Бүтэц
U – Universality - ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ИХ СУРГУУЛЬ
СЭЗИС нь авьяас чадварын төвлөрөл, түншлэлийн экосистемийг бүтээгч, холбогч байх ба нийгэмд оруулах хувь нэмрээрээ THE Impact Ranking-д эрэмбэлэгдсэн байна.
F - Flexibility – ДИЖИТАЛ ИХ СУРГУУЛЬ
СЭЗИС нь Монгол Улсын дээд боловсролын салбарт дижитал технологид суурилсан сургалт, судалгааны үндэсний жишиг их сургууль байна.
E –Entrepreneurship – ЭНТРЕПРЕНЕР ИХ СУРГУУЛЬ
СЭЗИС нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх манлайлагчид, инновац хөгжүүлэгчид, энтрепренер сэтгэгчдийг хөгжүүлэх, хамтрах талбар байна.
Санхүү эдийн засгийн сургуулийн сургалтын орчны танилцуулгыг видео хэлбэрээр үзнэ үү.
Санхүү эдийн засгийн сургууль нь тусгай хэрэгцээт иргэд ажиллаж, суралцах нөхцөлийг бүрдүүлсэн. Видео танилцуулгыг үзнэ үү.