Logo
UFE
Logo

Ном уншаад өөрийн болгох тухай

2021/06/12

Ном уншаад өөрийн болгох ёстой юм. Энэ нь:

  • хэн бичсэн,
  • үндсэн санаа, философи нь юу болох,
  • ойлгож өөрийн болгож авсан санаа, ойлголт, гаргалгаа,
  • чухам юунд хэрэг болох буюу юунд ашиглаж болохыг маш сайн тэмдэглэх тухай юм.

Өөрийн болгож чадаагүй бол цагаа нервээ үр дүнгүй зарцуулсан болно. Ашигтай биш алдагдалтай гарлаа гэсэн үг.

Дээр дурдсан 4 зүйлийг цааш нь задруулж болох хэдий ч энэ удаа орхив. Учир нь, миний хөндөх гээд багаа сэдэв нь яаж өөрийн болгох вэ?

Өөрийн болгохын тулд цээжлэхээс эхлээд олон аргыг хүмүүс зөвлөх байх, харин би картотек маягийн тэмдэглэл хөтөлж байхыг санал болгож байна.

Картотек гэдгийг би залуудаа их л хэрэглэдэг байсан бөгөөд голдуу уншиж байгаа юмнаасаа таалагдсан чухал гэж бодсон тоо баримт, эшлэл зэргийг эх сурвалжтай нь А4 цаасыг 4 хуваасны нэг дээр нь зөвхөн нэг талд нь бичээд сэдэвчлэн хадгалдаг байсан юм. Zettelkasten арга гээд одоо нэлээд нэрлээд байгаа юм билээ. Энэ тухай youtube-д зөндөө хичээл байгаа.

Хүний ой санамж нь харааны, сонсголын, кинетик, логик зэрэг нэлээн хэдэн төрөл байдаг бөгөөд аль болох мэдрэхүйн олон элементийг ашиглаж байвал ой тогтоолтод сайн гэж үздэг. Жишээ нь, миний хувьд харааны ой тогтоолт төрөлхийн гайгүй бөгөөд түүнийгээ гар бичмэл (үзгээр бичих) -тэй хослуулахаар юм цээжлэх нь гайгүй байсан юм болов уу даа. Би одоо ч гэсэн өөрийн хуучин номуудынхаа тэр хавьд нь энэ талд нь тийм юм бичсэн байх ёстой гээд хайхад бараг 95 хувьтай олдог.

Тэгэхлээр нэгдүгээрт, уншсан зүйлээ тэмдэглэж бай. Эхний ээлжинд ном уншиж байхдаа тухайн үед толгойн доо орж ирсэн бүхнийг (хэрэгтэй хэрэггүй гэлгүй) тэмдэглэж бай.

Дараа нь, эргэж хараад энэ чухал санаа гэсэн хэсгийг нь сонгож аваад чухам энэ санаа номын аль хэсгийг уншиж байхад төрсөн гэдгээ эргэж санаад, тулгаж үзээд, зөв ойлгосон эсэхээ дахин нэг нягтлаад тэмдэглээд ав. А. Шопенгауэр ном унших арга барилын талаарх зөвлөгөөндөө хэсэг уншсаны дараа түр зогсоод би чухам юу уншив, гол санаа нь юу байв, анхаарал татсан, цаашид тунгаан бодмоор юм юу байна гэх мэтчилэн хэсэг бодож байгаад үргэлжлүүлэн уншиж бай гэж зөвлөсөн байдаг. Ер нь энэ хүн нэг их юм унших гээд хэрэггүй. Ном уншиж байхад чи хүний ухаан бодолд хөтлөгдөөд байдаг юм тиймээс нэг их уншаад хэрэггүй гэсэн байдаг нь сонин бөгөөд анхаарууштай. За энэ бол үгийн дашрамд хэлж байгаа зүйл.

Буцаад тэмдэглэлдээ орвол: Сонирхсон санаа төрсөн хэсгээ эх зохиолоосоо эшлэл болгож, эсвэл өөрийн үгээр тэмдэглээд, эх сурвалжаа дэлгэрэнгүй оруул. Эх сурвалж оруулдаг хэд хэдэн арга байдаг бөгөөд тэдгээрийг та нар Google – дээд сайн эзэмшээд аваад аваарай. (жишээ нь: https://www.scribbr.com/citing-sources/citation-styles/)

Дараа нь, дахин нэг эргэн харж тулгаад хадгалан үлдээх картотекээ хөтлөх болно. Үүнд, эх сурвалж, эшлэл эсвэл гол утга санааг өөрийн үгээр бичсэн хэсэг, мөн өөрийн оюу дүгнэлтийг бичнэ. Эдгээр үйлдлийг хийсэн бол уншсан зүйл чинь өөрийн болсон гэсэн үг.

Мэдээж хэрэг, одоо цаасан дээр картотек хөтлөх хүн ховор байх гэхдээ үзэг харандаагаа бариад бичиж, сэдэвчлэн ангилаад хадгалж байвал дараа нь тун ч хэрэг болно шүү. Учир нь, цаасан дээр буулгасан юмаа нааш цааш нь оруулах, холих тун амар байдаг юм. Хэрвээ та нар сүүлийн үед дэлгэрсэн апп хэрэглэдэг бол roam research, notion зэргийг би санал болгоно. Эдгээрийг хэрхэн ашиглах талаар зөндөө зөвлөмж хичээл youtube-д байгаа.

Энэ хоёр хичээлийг сонирхоорой:

https://youtu.be/ljyo_WAJevQbyShuOmi,
https://youtu.be/KoddCmn3eL0 by robert haisfield

  • Дүгнэвэл:
  • Картотек\zettelkasten\ хэрэглэж сур,
  • Өдөрт 5-6 нь картотек хийх хэрэгтэй,
  • 3 төрлийн тэмдэглэл,
  • Санаанд орсон бүхнээ бичиж тэмдэглэх,
  • Номын тэмдэглэл: уншиж байгаа номоосоо эшлэл авах, гол санааг өөрийн үгээр бичих, (хуудас заах)
  • Хадгалан үлдээх тэмдэглэл: энд л эхний хоёрыг нэгтгэж, хэрэгтэйг нь тэмдэглэж авах өөрийн санаагаа тусгах гм.

 

АМЖИЛТ