Logo
UFE
Logo

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, Монголын анхны Чевнир Ринчиннямын Амаржаргалтай хийсэн ярилцлага

Манай сэтгүүлд ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Монголын анхны Чевнирийн хувьд Чевнинг тэтгэлгээр явж байсан өөрийн дурсамжаа бидэнтэй хуваалцана уу? Та хэдэн онд явж байсан бэ? 

1994-1995 онд Брэдфордын Их сургуульд суралцсан. Бас их сонин л юм байна лээ. Тухайн үед би Монголд Эдийн засгийн коллежийн захирал гээд амьхандаа их том хүн тэнд очсон чинь Хитроу нисэх онгоцны буудал дээр угтах хүн ч байгаагүй. Магистраа хийхээр очиж байгаа хэдэн сая хүний дотор нэг Монгол нөхөр л ирж байгаа, хэн ч тоож байгаа юм байхгүй. Осолгүй өмнө нь нэг имэйл ирчихсэн байсан, мэдээллийн төв дээр очихоор хэлээд өгнө гээд... Тэндээс нь нэг дугтуй аваад л дугтуйн дотроос нь тийм автобусанд суугаад тийм буудал дээр буугаад тийм галт тэргэнд суугаад ирээрэй гэсэн заавартай. Тэр зааврынх нь дагуу суугаад л явсан. Тухайн үед чих нээгдээгүй их сонин. Ямар ч байсан англиар л яриад байгаа боловч ямар буудал дээр зогсоод байгаа гэдэг нь ер ойлгогдохгүй, хичээгээд сонссон ч аман дотроо бувтнаад байгаа аятай ойлгогдож өгөхгүй байсан. Тэгээд ямар ч байсан явсаар байгаад Лийдс дээрээс дамжин суугаад Брэдфордод очиж байсан юм. 

Оюутны байранд очоод нэг нөхөртэй танилцаад юм ярьсан бас юу ч ойлгодоггүй, бүр гайхаад удаан ярихыг гуйсан боловч удаан ярихыг нь хүртэл ойлгохгүй байж билээ. Тэгсэн аргагүй Уэльс (Welsh) нөхөр байсан байна лээ. Миний очсон Брэдфорд бол Вэст Йоркшир (West Yorkshire) байсан. Йоркшир дуудлага гэдэг бидний мэддэг BBC-ийн англи хэлээс огт өөр юм байна лээ. Тэрийг ойлгож, чих онгойтол сар гаруй хугацаа зарцуулсан байх. 

Англид очиж байсан таны анхны удаа юу?

Бараг тэгж хэлж болно доо. Өмнө нь бол дандаа арга хэмжээнд уригдаад л, хүн угтаад үйлчилж байсан. Яг дотор нь орж амьдарч байсан анхны удаа гэж ойлгож болно.

Тухайн үед Чевнинг тэтгэлгийн хугацаа одоогийнхтой адил нэг жил байсан уу?

Тийм, яг нэг жил болсон. Нэг сонин юм нь сургууль төгсчхөөд нэг жил ажиллах эрхтэй байсныг нь би төгсөхийнхөө өмнөхөн мэдэж авсан юм. Энэтхэг, Пакистан, Номхон далайн арлуудаас сурч байсан оюутнууд надаас тэнд үлдэх үү гэж асууж билээ. Би тэгэхэд их гайхаад юу боллоо гэж энд үлдэх билээ, хурдан харих нь л чухал байсан. Харин тэр оюутнууд үлдэнэ гэж байсан нь их сонин санагдаж билээ. Тэр үед бид нарын хувьд сурах гэж л очсон, сурч төгсөөд, хурдан эх орондоо ирж сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхээр гэр рүүгээ тэмүүлдэг байсан юм. Одоо харин байдал өөрчлөгдсөн юм шиг анзаарагддаг. Болж өгвөл тэндээ үлдэх сонирхолтой болсон байна. 

Монголоос хэдүүлээ явж байсан бэ?

Монголоос би ганцаараа байсан. Сүүлд Манчестер, Ливерпүүлд 10 гаруй оюутнууд байсан гэж сонссон. 

Таны магистрын хөтөлбөр одоогоос бараг 30 жилийн өмнө байсан байна. Та ахиж энэ хөтөлбөрийн хүрээнд юмуу эсвэл энэ чиглэлээр явсан уу? 

Дараа нь би 2000 онд Ерөнхий сайд болчхоод Англид албан ёсны айлчлал хийж байсан. Айлчлалын хөтөлбөрт Английн Гадаад хэргийн яам Брэдфордын их сургуульд очих хөтөлбөрийг зохион байгуулж өгсөн юм. Лондонд хийх уулзалтуудаа дуусгачхаад Брэдфордод өөрийн сургуульдаа очиход их гоё байсан. Тэр үед сургуулийн зүгээс надад “Хүндэт доктор” цол олгосон юм. Би чинь одоо Брэдфордын их сургуулийн “Хүндэт доктор” шүү дээ. (инээв) Тэр ёслол нь их гоё, улаан хамбан өмсгөл, малгай өмсөөд, том профессорууд, эрдмийн зөвлөлийнхний өмнө гардуулаад... Их дурсамжтай үйл явдал болсон.

Анх 1994 онд тэтгэлгээр очих үед танд сургалт талаасаа “соёлын шок” болсон зүйл байсан уу? 

Яг “соёлын шок” гэж хэлэхээр зүйл бол байгаагүй. Би чинь өөрөө сургалтын байгууллагад ажиллаж байсан, өмнө нь Америк зэрэг хэд хэдэн оронд очоод үзчихсэн, сургуулийн байгууллагуудыг их сонирхдог байсан. Тийм учраас надад бол “шок” болохоор зүйл байгаагүй. Яахав, сургалтын процесс талаасаа аваад үзэх юм бол энд бид өдөр болгон л хичээллэдэг шүү дээ, тэнд бол долоо хоногтоо 4-5 цаг л хичээлтэй. Бусад үед нь бие дааж судална. Асар их ачаалалтай байсан. Хичээлийн араас унших материал маш их. Хэдэн боть номуудыг өгнө, дээрээс нь сардаа 4000-6000 үгтэй 2-3 эсээ заавал бичнэ. Оюутан байхдаа өглөөнөөс орой 8-9 цаг хүртэл номын санд суудаг байсан.

Дээрээс нь тэнд компьютерын заал гэж байсан. Тухайн үед шинэ шинэ программууд, Microsoft Office, Macintosh анх гарч ирж байсан үе. Мөн интернэт тухайн үедээ цоо шинэ зүйл байлаа. Мэдээ, материалыг интернэтээр олж болдгийг мэдээд, их гайхаж, интернэтэд их цаг зарцуулдаг байсан. Оройдоо 6-7 цаг гээд өрөөндөө очиж хоол хийж идчихээд л буцаад компьютерын лабораторидоо юм уншаад л сууна. Заримдаа шөнөжингөө ч сууна. Би сурах гэж ирсэн гэсэн гол зорилгоо байнга бодож явдаг байлаа.

Гэхдээ үндсэн Хөгжлийн эдийн засаг хичээлийн хажуугаар компьютерын шинэ программууд, улс төр эдийн засгийн ухааны шинэ чиглэлээр юу байна, шилжилтийн эдийн засаг гэж юу байна гээд их сонирхон судалдаг байсан. Нэг жил гэдэг бас богино хугацаа учир маш их ачаалалтай байсан. Намайг очоод 3 сар болсны дараа манай гэр бүлийнхэн ирээд, эхнэр маань намайг хараад тураад, өнгө зүсээ алдчихсан байна гээд бүр уйлж байж билээ. Би өөрөө их сониуч хүн болохоор шинэ сонин юу байна, сурч авъя, олж мэдье гэсэн их шунал байсан учраас тийм болсноо өөрийгөө ч анзаардаггүй байжээ. 

Тухайн үед Чевнинг тэтгэлэгт шалгаруулах процесс ямар байсан бэ? Одоо үеийнхтэй ижил байсан уу?

Тухайн үедээ Америкийн TOEFL бас Английн LSAT гээд шалгалтууд өгч байсан. TOEFL-ийг бодоход LSAT нь хамаагүй амар, уян хатан, өөрийгөө ярьж илэрхийлэх, бодох бичих бололцоо нь илүү байсан. Тэр шалгалтад тэнцээд явж байсан.

Тэнд суралцаж байх хугацаандаа өөртөө суулгаж, эзэмшсэн, өнөөдрийг хүртэл мөрдлөг болгож явдаг чанар тань юу вэ?

Нэгдүгээрт, хэл. Хэлний чадвар нэлээн сайжирчхаж байгаа юм. Хоёрдугаарт, эсээ бичих чадвар. Тэндхийн эсээ бичих соёл Монголынхоос харьцангуй өөр шүү дээ. 

Би тэгээд бас үндсэн хичээлийнхээ хажуугаар давхар хөтөлбөрүүдэд боломжоороо хамрагдаж явдаг байсан. Жишээ нь, академик англи хэл, компьютерын курс хөтөлбөрүүдэд байнга очиж суудаг байсан. Ер нь Брэдфордын их сургууль хөгжлийн эдийн засгаар их том, бас инженерийн чиглэлээр хөгжиж байгаа орнуудад их тусалдаг байсан. Тэр утгаараа тэр чиглэлээрээ том эрдэмтэд, хүмүүсийн лекцүүд их болдог байсан. Тэр бүгдийг нь аль болох олж сонсохсон, нэг юм илүү мэдээд авчих юмсан, түүнийгээ Монголдоо ирээд хэргийг нь гаргачихсан гэсэн хүсэлтэй л байлаа. 

Номын санд үр дүнтэй суух чадварыг мөн эзэмшсэн гэж боддог. Брэдфорд Лондон, Манчестерийг бодоход жижиг хот учраас сатаарах юм харьцангуй бага, тэр нь бас хичээлдээ төвлөрөхөд дөхөм болгож байсан. Түүнээс гадна гадаадын оюутнууддаа зориулсан арга хэмжээ их зохион байгуулна. Бусад хотууд руу аялах зэрэг соёлын арга хэмжээнүүдэд мөн оролцдог байлаа. 

Тэндхийн сургалтын онцлогоос Монголдоо нутагшуулмаар санагдсан зүйл юу байдаг вэ? Та өнөөдөр өөрийн сургуульдаа яаж хэрэгжүүлдэг вэ?

Тэнд сурсан, үзсэн харсан бүхнээ хэрэгжүүлэхийг л зорьж байна. Багш нартаа тавих шаардлага огт өөр болсон. Хичээлийн агуулга дээр мөн өөрчлөлт орсон. Тухайн үед компьютерын хичээл дээр бид хэл л заадаг байлаа шүү дээ. Тэгэхэд одоо бол бид илүү апппликэйшн талаас нь бэлдэж эхэлсэн, компьютерын мэргэжлийн хүмүүсийг биш хэрэглэгчдийг бэлдэж байгаа гэдэг утгаараа. Тухайн үед Монголд dial-up интернэт дөнгөж эхэлж байсан. Интернэтийг их дээд сургуулиудаас манай сургууль буюу Эдийн засгийн коллеж бараг анхдагч шахуу нэвтрүүлж байсан юм. 

Та олон орноор явж үзсэн хүний хувьд Англи улсын онцлогийг хэрхэн хардаг вэ?

Үүх түүх их нөлөөлдөг улс гэж хардаг. Угаасаа том эзэнт гүрэн байсан, түм бум эргэлдэж байдаг учир ялгаварлан гадуурхалт харьцангуй гайгүй. 

Дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогын төв учраас тэнд явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа нь байнга анхаарал татаж байдаг. Хөгжлийн их өөр түвшинд хүрсэн улс гэж хардаг даа. 

Намайг очсон тухайн цаг үеийн дотоодын трэнд болж байсан мэдээний сэдэв нь юу байсан бэ гэхээр малыг нядлахдаа машинаар амьдаар нь зөөх үү яах вэ гэдэг асуудал их олныг хамарсан сэдэв болж байсан. Амьдаар нь зөөхөд машин дотор агааргүй, амьд үхэр зовно, энэ нь хүмүүнлэг биш юм гээд олон нийтийн дунд бөөн шуугиан болоод залуучууд нь зам хаагаад, улс төрчид нь хүртэл гарч ирж байр сууриа илэрхийлээд л англи даяар хамарсан чухал асуудал болж байсан. Тухайн үед би эдний энэ асуудал манайд байсан болоосой, монголчууд дор нь шийдчихнэ дээ гэж бодож билээ. Учир нь тухайн үед манай улсад хамаг юм зогсонги байдалд орчихсон, хамаг юм нурчихсан, бүх зүйлийг цоо шинээр эхэлж байсан, ардчилал, зах зээл гэсэн үг л байснаас биш юуг яаж хийхээ ч мэдэхгүй тийм хүнд үе байлаа шүү дээ. Ядуурал, ажилгүйдэл ихэсчихсэн, гадна дотны тусламжууд тэр болгон санаснаар ирэхгүй их хүнд үе байсан. Тэгэхээр манай улсын зовлон, Англи улсын зовлонг харьцуулаад үзэж байхад юм гэдэг сонин байдаг юм байна, хөгжлийн түвшин гэдэг шал ондоо байдаг юм байна гэж бодогдож билээ. 

Өнөөдөр Чевнинг тэтгэлэг харьцангуй олон хүнд хүртээлтэй, нээлттэй, боломж бололцоо илүү болсон энэ үед гадаад оронд явж сурна гэсэн дэврүүн мөрөөдөлтэй залуучуудад хандаж та юу хэлэх вэ?

Хуучинсаг сонсогдож магадгүй. Миний хэлэх гол санаа эх оронч л байх хэрэгтэй. Яах гэж хүний нутагт очиж сурч байгаа гэдэг зорилгоо бодох хэрэгтэй. Д.Нацагдоржийн шүлэг бий шүү дээ: “...Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэж. Тэгэхээр эрдэм өвөртөлж ирэх гэж л явж байгаа. Тэрийгээ л мартаж болохгүй. Тэрнээс биш зугаалах гэж, амрах гэж явж байгаа биш. Эрдэм өвөртөлнө гэдэг нь мэргэжлээрээ сурахаас гадна тухайн орныхоо үүх түүхийг судлах хэрэгтэй, дэлхийн шилдэг соёл иргэншлийн соёлоос суралцах ёстой, театр, дуурь, балет, уран зохиол, яруу найраг, уран зураг зэргийг үзэж, өөрийн тархины цар хүрээг дээд зэргээр тэлэхийн төлөө явах ёстой. Асар их зүйл сурч амжуулах хэрэгтэй. Тэр 100 гаруй сая хүн амтай оронд хүн бүр нэг нэг зүйл дээр дагнаад явчихаж болж байна. Манайх шиг гуравхан сая хүн амтай оронд нэг хүн дор хаяж 2-3 зүйл дээр сайн байж, мэргэших хэрэгтэй. Тэгэхээр хэлэндээ маш сайн байх хэрэгтэй. Англи хэлийг англичуудаас илүү сурах хэрэгтэй, дээрээс нь ахиад өөр хэд хэдэн гадаад хэл бас сурах хэрэгтэй. Түүнээс гадна хөдөлмөр зохион байгуулалт гэж юм бий. Өөрийнхөө цагийг маш зөв зарцуулж сурах хэрэгтэй. Аав ээжээсээ дөнгөж холдсон хүүхдүүд гэв гэнэт эрх чөлөө олчихсон юм шиг санагдаад цагаа буруу зүйлд үрэх хандлагатай байдаг. Аль болох их зүйлийг сурч аваад л тэр сурсан мэдсэнээ эргэж эх орондоо ирээд ард иргэддээ ямар нэг хэмжээгээр хүргэх хэрэгтэй л гэж боддог доо. 

Британитай холбоотой дээрх асуултуудад багтаагүй, нэмж хэлмээр санагдсан өөр зүйл танд байна уу?

Манай оронд сүүлийн үед улс орон судлал, бүс нутгийн судлалын асуудал нэвтэрч, өргөжиж байна. Тухайлбал Британи судлал. Энэ өөрөө манай улсад үндсэндээ байхгүй шахуу зүйл шүү дээ. Тэгэхээр Британи судлалын тал дээр мэргэжлийн, төрөлжсөн сэтгүүл гаргаад, түүндээ энэ асуудлуудыг хөндөж тавиад, нарийн ширийн бодлогын чанартай зүйлсээс гадна ахуй амьдралтай нь холбоотой зүйлсийг оруулаад, эхний ээлжид тэнд амьдарч байсан хүмүүсийн санаа бодол, туршлагыг оруулж байгаа нь өөрөө их чухал. Нэгэнт л бид глобал ертөнцөд амьдарч байгаа, энэ глобалчлагдсан ертөнцийг тодорхойлж байгаа гол гол тоглогчдын үүх түүх, соёлыг гарцаагүй мэдэж байх шаардлагатай. Энэ утгаараа Британи судлалыг хөгжүүлье, энэ чиглэлээр тодорхой зүйл хийе гээд санаачилж яваа залуучуудыг маш их дэмжиж байна. Улам их зүйл хийгээсэй, ганц хоёр удаа гараад шантралгүй, цааш амжилттай үргэлжлүүлээд яваасай гэж хүсэж байна. 

Бидэнд цаг гарган, ярилцлага өгсөн танд их баярлалаа.

 

Ярилцсан: Т.Анударь

“Британи судлал” Шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүл