Logo
UFE
2024-10-23

Өвөр Монголын СЭЗИС-ийн урилгаар Монголын СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутны төлөөлөл БНХАУ-тай танилцах солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ.

Өвөр Монголын СЭЗИС-ийн урилгаар Монголын СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутны төлөөлөл БНХАУ-тай танилцах солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ.

Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн урилгаар Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутны төлөөлөл "БНХАУ-тай танилцах шилдэг гадаад оюутнуудын богино хугацааны солилцооны хөтөлбөр"-т 2024 оны 10 сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд амжилттай хамрагдаад ирлээ.

Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-н ӨМОЗО-ны Хөх Хотын СЭЗИС-н хотхонтой танилцаж, өвөр монгол болон, хятад багш нарын сонирхолтой цуврал лекцүүдэд хамрагдаж, бакалаврын түвшний оюутнууд өөрсдийн бүтээлүүдээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо.

СЭЗИС-с бакалаврын Энтрепренершип хөтөлбөрийн 3-р курсын оюутан А.Амгалан, Б.Цолмонцэрэн, 2-р курсын оюутан Б.Тэлмүүн, Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн 2-р курсын оюутан М.Хүслэн нар өөрсдийн бүтээлүүдээ танилцуулсан бол Бизнесийн удирдлагын 4-р курсын оюутан, СЭЗИС-н Клубуудын зөвлөлийн тэргүүн Б.Мөнххүслэн, Мэдээллийн системийн менежментийн 3-р курсын оюутан, СЭЗИС-н Оюутны холбоо ТББ-н тэргүүн Г.Мөнхнаран нар өөрсдийн үйл ажиллагааны тухай танилцуулга хийсэн юм.

ӨМ-н СЭЗИС-н хотхонтой танилцах үеээр тус сургуулийн номын сангийн эрхлэгчид СЭЗИС-н Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал багшийн болон бусад багш нарын бүтээлийн дээжийг гардуулж, монгол номын санд байршуулсан нь онцлууштай үйл явдал байлаа.

Хоёр сургуулийн цаашдын оюутан солилцооны хөтөлбөр, хамтарсан хөтөлбөр хөгжүүлэлт болон хамтын ажиллагааны тухай тус сургуулийн Олон улсын боловсролын сургууль, Гадаад харилцааны алба болон Инновацын төвийн удирдлагуудтай санал солилцож, ирэх жилээс хэрэгжүүлэхээр анхан шатны яриа хэлэлцээр хийгдлээ.

Хөтөлбөрийн төгсгөлд оюутнууд маань Хөх хотын хамгийн том бүрэн автомажсан MENGNIU сүүний үйлдвэртэй танилцах аялалд хамрагдаж, Үндэсний музейтэй танилцан, чөлөөт цагаараа бизнесийн орчинтой танилцаж, худалдан авалт хийсэн байна.

Хөтөлбөрийн туршид зураг авч, видео бичлэг хийсэн СЭЗИС-н Платформ түншлэлийн албаны ахлах контент хөгжүүлэгч О.Энхбаярт талархал илэрхийлье.