Logo
UFE
2022-04-12

СЭЗИС дээр “Сайн дурын ажлын үзэсгэлэн” анх удаагаа зохион байгуулагдлаа.

СЭЗИС дээр “Сайн дурын ажлын үзэсгэлэн” анх удаагаа зохион байгуулагдлаа.

 

СЭЗИС нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах сайн дурын ажлыг 2015 оноос дэмжин ажилласаар ирлээ. Бакалаврын хөтөлбөрийн оюутнууд нийгмийн дадлага хийж төгсдөг байсан бол 2021 оноос нийгмийн дадлагаар хязгаарлагдахгүй оюутнууд суралцаж байх хугацаандаа хэдэн ч удаа сайн дурын ажилд оролцох боломжтой болсон ба сайн дурын ажлын нийт цагийг төгсөхөд хуримтлуулан тооцох, ректорын нэрэмжит тэтгэлэг өгөх нэг шалгуур үзүүлэлт болгох зэргээр оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

СЭЗИС дээр 2022.04.09-ний өдөр Зориг сангийн “Red-Pin” төслийн багийн санаачилсан “Volunteer Fair” буюу сайн дурын байгууллагуудын үзэсгэлэнг нийт 15 сайн дурын байгууллага, их сургуулийн болон ЕБС-ын оролцогчдыг хамруулан Монголд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнгийн арга хэмжээний хүрээнд ерөнхий 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байна. Үүнд:

Нэгт. Өөрийгөө нээ, илтгэл хэлэлцүүлэг явагдаж дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол улс дахь нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Э.Хишигжаргал оролцлоо. Тэрбээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын ач холбогдлын талаар мэдээлэл өгөхөөс гадна сайн дурын ажил нь үүнтэй хэрхэн уялдаж залуу үеийнхэн өөрсдийн оролцоотой хэрхэн хувь нэмэр оруулах, өөрийгөө цаашид хөгжүүлэх, хамтдаа эх дэлхийн гэрэлт ирээдүйн төлөө хамтран ажиллах боломжийн талаар өөрийн зүгээс залуу үеийнхэндээ хандаж илтгэл тавив. Түүнчлэн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт гишүүн О.Эрдэнэдалай нь хүмүүнлэгийн ажил, сайн дурын ажлын ач холбогдлын уялдаа холбоог тайлбарлаж, цаашид залуу үеийнхэнд ирэх ирээдүйн боломж, хөгжих алтан гүүрний талаар өөрийн туршлагаасаа хуваалцаж үнэтэй зөвлөгөөг өгсөн юм. Илтгэл хэлэлцүүлэгт өөрийн үнэт туршлагыг хуваалцсан төслийн чиглэлээр 6 жилийн хугацаанд туршлагажсан Э.Энхжин нь төслийн чиглэлээр сайн дурын ажил хийх, түүний ач холбогдол цаашлаад ирээдүйн төслийн мэргэжилтэн болох боломжийн талаар илтгэл тавьж, Рэд-Пин төслийн багийн гишүүн Х.Хонгорзул, Э.Ган-Очир нар хүрэлцэн ирсэн панелист илтгэгч нартай болон танхимд суугаа оролцогчидтой чин сэтгэлийн халуун яриа өрнүүлж хэлэлцүүлэг явуулав.

Хоёрт. Тус арга хэмжээний хамгийн үнэт хэсэг болох туршлага буланг хүрэлцэн ирсэн залуу үеийнхэндээ бэлтгэн толилуулж, илтгэл яриа хэлэлцүүлэгт оролцсон панелистуудын сайн дурын ажлын туршлага, авч байсан тэтгэлэг, санаачлан оролцсон төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг багтаасан байна.

Гуравт. Үзэсгэлэнгийн арга хэмжээний чухал хэсэг болох сайн дурын байгууллагуудын үзэсгэлэн болсон билээ. Тус арга хэмжээнд оролцсон байгууллагуудаас дурдвал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол улс дахь нийгэмлэг, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Залуучуудын хороо, Ахиллис олон улсын байгууллага, Гэр Хаб инновац центр, Анхны тусламж эрүүл мэндийн сургалтын байгууллага, ЛГБТ төв зэрэг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний Монгол улсын бие даасан салбар шинжлэх ухаан, хүний эрх, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөөх 10 гаруй ТББ-ууд оролцож нийтдээ 300 гаруй сайн дурын ажилтныг бүртгэн авлаа. Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан Зориг сан ТББ, Швейцарын сангийн агентлаг, СЭЗИС-ийн Оюутны Холбоо ТББ, “Red pin” багийн хамт олонд талархал илэрхийлье.

СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба