Logo
UFE
2023-05-02

СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн VI олимпиад болж өндөрлөлөө

СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн VI олимпиад болж өндөрлөлөө

СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн VI олимпиад 2023 оны 4-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Эконометрикийн олимпиадын зорилго оюутнуудын эконометрикийн онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, судалгаа, шинжилгээ хийх чадварыг дээшлүүлэх, цаашид судалгаа, шинжилгээ хийх сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын эконометрикийн багш нарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино. 

Эконометрикийн олимпиад хоёр үе шаттай явагддаг ба эхний үе шатанд оюутнууд 3 хүнтэй баг бүрдүүлж, эконометрикийн онолын мэдлэг сорих тест өгч, хамгийн өндөр оноотой 7 баг хоёр дахь үе шатны шалгаруулалтад өрсөлддөг. 

СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн VI олимпиадын эхний үе шатанд 5 сургуулийн, 21 багийн, 63 оюутан өрсөлдөж, амжилтай оролцлоо. Эхний шатнаас шалгарсан 7 баг "Нийгэм, эдийн засгийн бодлого, үйл явцын шинжилгээ болон таамаглал хийхэд хугацааны хувьд хувьсах параметр бүхий вектор авторегрессив (Time varying parameters VAR) загваруудыг ашиглах нь" гэсэн ерөнхий сэдвийн доор нийгэм, эдийн засгийн асуудлыг олж илрүүлэн, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, сайжруулах санал, дүгнэлт боловсруулах судалгаа хийж, сүүлийн шатанд хэлэлцүүлж, дараах шалгуурын дагуу шилдэгүүдээ тодрууллаа. Үүнд: 

  • Судлагдсан байдал: Эдийн засгийн онолын болон аргазүйн үндэслэл;
  • Шинэлэг санааг дэвшүүлж, асуудал, зорилгоо зөв тодорхойлсон байдал; 
  • Өгөгдлийн сонголт, боловсруулалтын үнэн зөв байдал; 
  • Эконометрик шинжилгээ, үр дүнгийн тайлбар, дүгнэлтийн үнэн зөв байдал; 
  • Судалгааны ажлын бичвэрийн академик стандарт хангасан байдал; 
  • Илтгэх ур чадвар; 

Багийн дүнгээр

Тэргүүн байр - СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн III курсийн оюутнуудын “Chipettes” баг

Дэд байр - СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн III курсийн оюутнуудын “Econwise” баг

Гутгаар байр - СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн III курсийн оюутнуудын “Ex-Ante” баг

Хувийн дүнгээр

Тэргүүн байр: СЭЗИС-ийн "Эдийн засаг" хөтөлбөрийн III курсийн оюутан, “Ex-Ante” багийн ахлагч А.Төгөлдөр

Дэд байр: СЭЗИС-ийн "Эдийн засаг" хөтөлбөрийн III курсийн оюутан, “Chipettes” багийн гишүүн Т.Мөнхцэцэг

Гутгаар байр: СЭЗИС-ийн "Эдийн засаг" хөтөлбөрийн III курсийн оюутан, “Econwise” багийн гишүүн М.Болор-Эрдэнэ

Олимпиадын 2-р шатны шалгаруулалтыг Канадын Конкордиагийн их сургуулийн ассошиат профессор Д.Лхагвасүрэн (Ph.D), Монголбанкны ерөнхий эдийн засагч Д. Ган-Очир (Sc.D), МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор Ч. Анхбаяр (Ph.D), Монголбанкны судалгаа, статистикийн газрын дарга Д. Даваасүх нарын нөлөө бүхий судлаач, профессоруудын бүрэлдэхүүнтэй шүүгч хийснээрээ онцлог байлаа. 

Эконометрикийн VI олимпиад оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!