“Энтрепренершип ба Инноваци” оюутны бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа
Сургуулийн стратегийн зорилгыг дэмжих, энтрепренерийн болон загварчлах сэтгэлгээ хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг таниулах хүрээнд сургалтын агуулгыг илүү хүртээмжтэй байлгах зорилгоор бакалаврын үндсэн хөтөлбөрийн бүх оюутнууд ENT221 кодтой "Энтрепренершип ба Инноваци" 8 долоо хоногийн хичээлийг судалдаг билээ.
Хичээлийн зохион байгуулалтыг Энтрепренершип институтын багш нар хариуцан, үйлдэлд суурилсан буюу төсөл хэрэгжүүлэх байдлаар онолын мэдлэгээ практик туршлага болгох, хичээлийн төгсгөлд өөрсдийн бүтээлтэй /бүтээгдэхүүний эх загвартай/ болох, цаашлаад түүнийгээ зах зээлд гаргах, гарааны бизнесээ тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан бизнесийн байгууллагатай хамтран төсөл, гарааны бизнес хамтран эхлүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.
Энэ удаад Таван богд группын “Улаанбаатар принт” ХХК-тай хамтран ажиллаж, дэвтэр үйлдвэрлэлийн явцад олон тонноор гардаг цаасны хаягдлыг ашиглан, шинэ бүтээгдэхүүний эх загвар хөгжүүлэхээр 10 группын 250 гаруй оюутан 56 багт хуваагдан санаагаа уралдуулж, эхний 3 байрыг тодрууллаа.
“Улаанбаатар принт” ХХК-н маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, чанарын албаны төлөөлөл хүрэлцэн ирж, оюутнуудын бүтээлүүдтэй танилцан, шилдэг багуудад компанийн дурсгалын зүйлийг гардуулан, хөгжүүлсэн санаа, эх загваруудыг бодит бүтээгдэхүүн болгох дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.