Logo
UFE
2024-11-20

СЭЗИС-ийн баг CME группийн “University Trading Challenge”-д амжилттай оролцлоо

СЭЗИС-ийн баг CME группийн “University Trading Challenge”-д амжилттай оролцлоо

CME (Chicago Mercantile Exchange) нь дэлхийн тэргүүлэгч дериватив арилжааны бирж бөгөөд CME группээс жил бүр зохион байгуулдаг “University Trading Challenge” олон улсын тэмцээнд СУТ-ийн тэнхимийн эрхлэгч Г.Ичинноров, “Хөрөнгө оруулалтын сан клуб”-ийн тэргүүн Б.Билгүүн нараар удирдуулсан оюутны баг Монгол улс, СЭЗИС-ийг төлөөлөн амжилттай оролцлоо.

Тус тэмцээний зорилго нь оролцогч багууд хөрөнгө оруулалт, деривативын зах зээлийн онолын мэдлэг, бодит зах зээлийн мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх чадвараа ашиглан хийсвэр данс удирдаж хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө өрсөлддөг тэмцээн юм.

2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан уг тэмцээнд 23 улсын, 156 их сургуулийн 566 баг оролцож, 500,000$-ийн эхлэлтийн балансаа 1 сарын турш удирдан өрсөлдсөн ба СЭЗИС-ийн багууд 22, 56, 117-р байранд тус тус орсон амжилтыг үзүүллээ.

Дэлхийн шилдэг "Columbia", “Uchicago”, “Cornell”, "Dartmouth", "MIT", “Pennsylvania”- ийн их сургуулиуд харгалзан 28, 41, 102, 209, 174, 314 дүгээр байруудад жагссан юм. Олон улсад багаа амжилттай удирдсан СУТ-ийн тэнхимийн эрхлэгч Г.Ичинноров, Хөрөнгө оруулалтын сан клубын тэргүүн Б.Билгүүн, ментор багш Б.Пүрэв-Очир, Ц.Номин-Эрдэнэ, тэмцээнд амжилттай оролцсон СУТ-ийн “Хөрөнгө оруулалтын сан клуб”-ийн гишүүн Г.Тэнгис, Г.Өсөх, Г.Оргил нарт баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.cmegroup.com/events/university-trading-challenge/2024-trading-challenge.html