Эрдэнэс тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Санхүү эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, ажилтнууд 2024 оны 12 сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэс тавантолгой ХК-ийн уурхай, ТНАЛТ, Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцлаа. Энэ үйлдвэрийн удирдлагын баг мэргэжилдээ дуртай, ажилдаа эзэн болсон чадварлаг залуусаар багаа бүрдүүлж сүүлийн хэдэн жил хэд хэдэн том төслийг дан Монгол инженерүүдийн удирдлага дор хэрэгжүүлж байгаа хараад бид маш их бахархаж байлаа.
1600 гаруй ажилчидтай, олон арван туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилладаг үндэсний томоохон компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын баг болон инженерүүд бидэнд хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулсан. Товч дурдвал:
Тавантолгой нүүрсний орд нь дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн 6 хэсгээс бүрдэнэ. Одоогийн байдлаар ЭТТ ХК Цанхийн баруун уурхайд гүн 140 м, зүүн уурхай 170 м гүнээс 4 төрлийн нүүрс олборлодог.
Уурхайд 800 гаруй техник тоног төхөөрөмж ажиллаж, 1 хоногт 600м3 буюу 20 гаруй мянган тэвш нүүрс олборлож тээвэрлэдэг.
Энэ үйлдвэрийн тээврийн автомашинуудыг цахилгаан болон бензинээр ажилладаг хосолмол хөдөлгүүртэй болгож байгаа ба энэ нь маш их зардал хэмнэх боломжийг олгодог.
1 цагт 3500 тонн нүүрс бутлаж, туузан дамжуулагчаар дамжуулан конвейерээр вагонд ачих автомат ачилт хийх тээвэр логистикийн төслийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ төслийн угсралт бүрэн дууссан, жигдрүүлэх ажил хийгдэж байна.
Нүүрс баяжуулах үйлдвэр нь нийт 30 сая тонн нүүрс баяжуулах төлөвлөгөөтэй ба эхний 1 модуль буюу 10 сая тонн хүчин чадалтай үйлдвэр байгуулах ажил дуусч байна. Бүрэн автомат удирдлагын өрөө, нүүрсийг өндөр нягттай маш нарийн ширхэгтэй нүүрсийг ангилах 3 шатлалтай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, битүү агуулах, усыг бүрэн дахин ашиглах боломжтой систем зэрэг байгальд хамгийн бага хор хохирол багатай байлгах нь энэ үйлдвэрийн давуу тал юм байна.
ЭТТ ХК-ийн удирдлагууд цаашид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийг авч ажиллуулах, чадавхжуулах чиглэл хамтын ажиллагааг эхлүүлсэн ба туршлага харгалзахгүй залуу хүний нөөцийг бүрдүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн.
СЭЗИС-ийн ажлын байртай тэтгэлэгтэй элсэлт, АБСДХ, богино хугацаат сургалт зэрэг хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжтой, бид хамтран ажиллах сонирхолтой гэдгээ мөн дуулгасан.
Бидний хүсэлтийг хүлээн авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаатайгаа танилцуулсанд Эрдэнэс тавантолгой ХК-ийн удирдлагуудад талархлаа илэрхийлье.
Хамтын ажиллагаа өргөжин дэлгэрэх болтугай.