Logo
UFE
2025-10-17

Сэтгүүлчдэд зориулсан эдийн засаг, санхүүгийн сургалт эхлэхэд бэлэн боллоо.

Сэтгүүлчдэд зориулсан эдийн засаг, санхүүгийн сургалт эхлэхэд бэлэн боллоо.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн зүгээс хэрэгжүүлж буй сэ тгүүл зүй ба эдийн засаг төслийн зорилго юу вэ? 

Монгол Улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд оносон зүйл ихтэй ч алдсан зүйл нь түүнээс ч илүү байна гэж би хувьдаа боддог. Үүний нэг нь хэт улс төржилт түүнтэй холбоотой мэдээллийн үнэн бодит байдал. Өнөөдөр Монгол Улсад үнэн нь яг аль нь вэ гэдгийг мэдэх боломж их хязгаарлагдмал болсон. Чухамдаа энэ төслийн зорилго үүнээс үүдэлтэй. Өнөөдөр хүн бүр дурын мэдээлэл түгээж байгаа энэ үед эдийн засгийн мэдээллийг үнэн бодитой түгээх гол суваг нь мэргэжлийн сэтгүүл зүй хэмээн үзэж сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийн мэдлэг чадварт эерэг нөлөөлөх нь өнөөгийн нийгэмд эерэг нөлөөлөх, шинжлэх ухаанч зөв мэдээлэл түгээхэд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн явдал. Чухамдаа ард түмэн үнэнээр дутагдаж байна гэсэн бодол энэ төслийг эхлүүлэх гол санаа байсан.  

Тэгээд манай төслийн багийн гишүүдийн санаачилж СЭЗИС нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оноос хэрэгжүүлж байна. Бидний үйл ажиллагаа ажилттай хэрэгжиж байгаа гэж талууд дүгнэж байгаа бөгөөд цаашид улам үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж эхний гол ажил болох сэтгүүлчдийн 4 дэх сургалтаа 2025 оны 10 сарын 30-нд эхлүүлэхээр элсэлтээ зарлаад байна.  

 

Сэтгүүлчдийн сургалтын агуулга, зорилгыг дэлгэрэнгүй тайлбарлавал?  

Дээр хэлсэн. Өнөөдөр нийгэмд байгаа мэдээллийн гол нь улс төр, эдийн засгийн холбогдолтой мэдээлэл байна. Эдгээр мэдээллийн дунд эерэг, сөрөг, үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл санаатай, санамсаргүй олон нийтэд хүрч төөрөгдүүлж байгаа нь гол асуудал юм. Эдгээр мэдээллийг эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг чадавхижуулах, тэднээр дамжуулан бодитой, үнэн зөв мэдээллийг нийгэмд хүргэх нь манай сургалтын гол зорилго юм. Ингэснээр олон нийтийн эдийн засгийн мэдлэг, мэдээлэлд тодорхой ахиц дэвшил гарна хэмээн төсөл хэрэгжүүлэгч талууд үзэж байгаа. Учир нь мэргэжлийн сэтгүүлчид бол мэдээллийн эх сурвалж, олон нийтийг холбож байгаа гол гүүр юм. Манай сэтгүүлчид өнөөдөр сэтгүүл зүйн чиглэлээр тодорхой мэдлэг, мэргэжил эзэмшээд ажиллаж байгаа. Тэдэнд эдийн засгийн талаар тодорхой хичээл ч орж байгаа. Тэднээс олон сэтгүүлч эдийн засгийн чиглэлээр дагнан сурвалжлах, цаашид эдийн засгийн мэдлэгээ тэлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг нь тодорхой юм. Иймд бид түүнийг дэмжиж энэхүү үнэ төлбөргүй сургалтыг хэрэгжүүлж байна. Харин сэтгүүлчдийн тэрхүү хүсэл эрмэлзлийг хэвлэл мэдээллийн байгууллага, удирдлагын зүгээс сайн дэмжих нь бидний ажилд том тус болно гэдгийг хэлэх хэрэгтэй.  

Мөн өнөөг хүртэл хэрэгжсэн гурван удаагийн сургалтын үр дүнг та бүхэн юу гэж дүгнэж байна.  

Бид 2023 оны намраас эхлэн гурван удаагийн сургалтаар хэвлэл мэдээллийн 49 байгууллагын 66 сэтгүүлчдийг сургалтдаа хамруулсан байна. Бидний гол зорилго нь хувийн хэвшилд, эдийн засгийн сэтгүүл зүйн чиглэлээр тууштай ажиллаж буй, ажиллах залуучуудыг хамруулах, тэдгээрийн сэтгүүл зүй, эдийн засгийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх байсан бөгөөд энэ зорилгоо хангаж чадаж байгаа гэж үзэж байна. Энэ нь манай төгсөгчдийн хийж буй ярилцлага, сурвалжлага, нийтлэлээс гадна тэдний хийсэн төгсөлтийн ажил, уралдаан тэмцээнд ирүүлсэн бүтээлээс тодорхой харагдаж байгаа гэж бодож үүндээ итгэлтэй байгаа учраас бид дараагийн сургалт болон бусад ажлуудаа хийхээр төлөвлөөд байгаа хэрэг. Гэхдээ үүнийг биднээс гэхээсээ илүү манай суралцагчид илүү тодорхой хэлж өгөх байх. 

 

2025-2026 онд та бүхний хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гол ажлууд юу вэ? 

Бидний зүгээс сэтгүүлчдийн чадвараас гадна сэтгүүл зүйн салбар, салбарын байгууллагуудын хувьд тодорхой ажлуудыг хийх шаардлагатай гэж харж байгаа. Энэ нь сэтгүүлчдийн мэдлэг чадвараас гадна сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа байгууллагуудыг удирдлага, менежментийн хувьд хийх ажил их байгаа гэж үзэж байгаа хэрэг юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрийн стратеги, санхүүгийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, мэдээллийн технологийн хэрэглээ зэрэгт анхаарал хандуулж ажиллаж чадвал өнөөгийн нийгэмд өргөжин хөгжих боломж бололцоо байгаа гэж боддог. Энэ үүднээс бид энэ жилээс төслийг өргөжүүлж сэтгүүл зүйн салбарын удирдлагуудад зориулсан сургалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь сэтгүүл зүйн салбарын байгууллагуудад бие даан хөгжих боломж бололцоо байгааг нээн харуулах, тэдний хөгжилд тус нэмэр болох мэдлэг, мэдээллийг түгээх сургалт байх юм. Түүнчлэн бидний төлөвлөөд байгаа нэг ажил нь сар бүрийн эдийн засгийн тодорхой асуудлаар хийх хэлэлцүүлэг байна. Энэ хүрээнд макро эдийн засаг, эдийн засгийн голлох салбарын анхааралт татсан асуудлыг тооцоо судалгааны үр дүн, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой хэлэлцэж нийтэд харьцангуй бодит ойлголт, мэдээллийг түгээх зорилготой хийхээр төлөвлөж буй ажил юм. Гэх мэт олон ажил байна. Энэ бүхний зорилго нь хэвлэл мэдээллийн салбарт бие даасан сэтгүүлч, байгууллагыг төлөвшүүлэх явдал юм. 

Өнөөгийн эдийн засагт эдийн засгийн сэтгүүл зүйн хүрээнд юуг анхаарах шаардлагатай гэж та бүхэн үзэж байна.  

Өнөөгийн улс төр эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг та бүхэн харж байна. Макро эдийн засгийн түвшинд ч, микро эдийн засгийн түвшинд ч олон асуудал байна. Гэхдээ миний харж байгаа нэг гол зүйл нь ард түмэн, олон нийтэд үнэн алга байна гэж боддог. Эдийн засгийг нэг нь сайн, нөгөө нь муу гэж ярьдаг. Эсвэл улс төрийн хүрээнд нэг этгээдийг нэг нь хулгайч нөгөө нь гайхамшиг мэтээр бичдэг, бас ярьдаг. Гэтэл үүний ард нэг л үнэн байгаа. Энэ асуудал нь эхлээд нийгмийн том төөрөгдөл бий болгож байсан бол өнөөдөр нийгмийн томоохон талцан хуваагдах үндэс болж байна. Нөгөө талаас энэ нь нийгэмд мэрэгшсэн чадварлаг, бие даасан сэтгүүл зүй ямар чухал болохыг харуулж байгаа хэрэг юм. Ялангуяа  мэдээллийн технологи, нийгмийн сүлжээний тусламжтай хүн бүр мэдээллийг түгээх хэрэгсэл болох боломжтой болсон энэ үед мэрэгжлийн сэтгүүл зүй түүний ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна гэж бид харж байгаа. Учир нь хүн бүр мэдээлэгч байж болохоос хүн бүр мэдээллийн хэрэгсэл биш гэдгийг бид нийтэд ухааруулах шаардлагатай. Тэгж байж худал цуурхал, бодит үнэний ялгааг бид олж хардаг болох боломжтой.  

Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Бид олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих чиглэлээр хэвлэл мэдээллийн болон бусад бүх төрлийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно. 

Олон нийтийн санхүүгийн боловсролыг хамтдаа нэмэгдүүлье.