Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Төрийн банк хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Төрийн банк хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн, стратегийн түншлэлийн хүрээнд судалгаа, инновац, гарааны бизнесийг бойжуулах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр өргөн хүрэнд хамтран ажиллахаар тохиролцлоо.
2022 оноос хойш талуудын түншлэлийн хүрээнд бизнес эрхлэгчдэд зориулсан чадавхжуулах хөтөлбөрүүд, салбарын хөгжлийн чуулга уулзалтуудыг удаа дараа амжилттай зохион байгуулж, цахим сургалтын платформ хөгжүүлэх болон Төрийн банкны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг суурь ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна.
Шинэчилсэн түншлэлийн хүрээнд судалгааны үр дүнгүүдийг зах зээлийн эргэлтэд оруулж гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулаад зогсохгүй бодит санхүүжилт, хөрөнгө оруулалтад зуучлах, мөн малчин өрхийн амьжиргааны загварын нарийвчилсан судалгаанд үндэслэн тэдний амьдралын хэв маягт тохирсон тусгайлсан санхүүгийн боловсролын агуулгыг шинээр боловсруулах зэрэг практик ач холбогдол өндөртэй, бодит эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх онцлог давуу талтай байна.
Талуудын цаашдын хамтын ажиллагаа нь боловсрол, бизнес болон банк санхүүгийн салбарын уялдаа холбоог улам бэхжүүлж, мэдлэгт суурилсан бизнесийн хөгжлийг хурдасгах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд хамтран бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.

