Logo
UFE
2026-01-14

“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил” бодлогын судалгааны тайланг танилцууллаа.

“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил” бодлогын судалгааны тайланг танилцууллаа.

“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил” бодлогын судалгааны тайланг танилцууллаа.

СЭЗИС болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) хамтран “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил” бодлогын судалгааг хамтран хийж, үр дүнг олон нийт, оролцогч талуудад танилцууллаа. Энэхүү судалгаа нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн түвшнийг олон улсын аргачлал, харьцуулалт, бодит өгөгдөлд тулгуурлан үнэлж, зах зээлийн хөгжлийг хязгаарлаж буй институцын, хууль эрх зүйн болон дэд бүтцийн хүчин зүйлсийг тодорхойлох, улмаар цаашдын бодлого, зохицуулалтын оновчтой шийдлүүдийг боловсруулах зорилготой.

Монгол Улсад орчин цагийн хөрөнгийн зах зээлийн тогтолцоо бүрэлдэн хөгжөөд 35 жил болж байгаа хэдий ч хөрөнгийн зах зээлийн хэмжээ нь хөгжиж буй орнуудаас 4 дахин, дэлхийн дунджаас 7 дахин, өндөр хөгжилтэй орнуудаас 9-10 дахин бага үзүүлэлттэй байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжлийг дэмжих нэгдсэн бодлого, түүний дэд бүтцийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар удирдах засаглалын асуудлууд нь зах зээлийн хөгжлийг хязгаарлах гол хүчин зүйлс болж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дараах сөрөг үр нөлөөг бий болгодог байна. Үүнд:

  Дунд урт хугацаатай эсвэл дэд бүтцийн төслүүдэд үүсвэр татахад хүндрэл үүсгэдэг,

  Зээлийн санхүүжилт нь бондын санхүүжилтээс 120 хувиар өндөр өртөгтэй,

  Банк давамгайлсан зах зээлд жижиг, дунд бизнесүүд эх үүсвэрийн дутагдалтай, өсөлт үзүүлэх боломж бага,

  Эдийн засгийн үр ашигтай салбарт хуваарилалт хүртээмжгүй, өсөлтийг хязгаарладаг,

  Үл хөдлөх хөрөнгө, алт, банкны хадгаламжид иргэд хөрөнгөө байршуулдаг тул үнийн хөөргөдөл үүсгэх эрсдэлтэй.

Уг судалгаа нь эдийн засгийн онолын үндэслэл, оролцогч талуудын санал бодол, статистик болон хууль, эрх зүйн орчны өгөгдөлд суурилсан үнэлгээ болон олон улсын тэргүүн туршлагад суурилан хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бодлогын хүрээнд сайжруулах санал зөвлөмжийг боловсруулсан. Хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг дараагийн шатат гаргахын тулд хөгжлийн бодлого, засаглалыг сайжруулах, зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийг татах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, татварын бодлогоор дэмжих, дэд бүтцийн хөгжлийг технологийн дэвшил ашиглан зохион байгуулах зэрэг арга замуудыг  цогцоор нь авч үзсэнээрээ онцлог юм.

 

Судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн дэмжигч байгууллагууд, судалгаанд хамрагдаж санал бодлоо илэрхийлсэн оролцогч талууд, хамтран ажилласан санхүүгийн зах зээлийн байгууллагуудын төлөөлөл энэхүү судалгааг бодит үр дүнд хүргэхэд чухал хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье.

Судалгааны багийн зүгээс уг судалгаа нь Улсын Их Хурал, Засгийн газар, бодлого тодорхойлогчид, зохицуулагч байгууллагууд, зах зээлийн оролцогчид болон хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад бодитой хувь нэмэр оруулах чухал эх сурвалж болно гэж итгэж байна. Цаашид судалгааг өргөжүүлэх, энд тусгагдсан санал, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгох хүрээнд бид хамтран ажиллахдаа таатай хүлээн авах болно.