102 дахь Хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн төгсөлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа

Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хос одонт Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн 102 дахь хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн төгсөлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа Улаанбаатар зочид буудлын Их Танхимд амжилттай зохион байгууллагдлаа.
2025-2026 оны хичээлийн жилийн Өвлийн улирлын төгсөлтийн хүндэтгэлийн үйл ажиллагааг СЭЗИС-н ректор, ТУЗ-н гишүүн, доктор, профессор Б.Мөнхбаяр нээн үг хэллээ.
Үүний дараа Ректорын тушаалаар бакалаврын үндсэн болон хамтарсан, цагийн, АССА хөтөлбөр, бүрэлдэхүүн сургуулиудын нийт 350 төгсөгч бизнесийн удирдлага, эдийн засаг, эрхзүй, мэдээллийн систем, боловсрол судлал мэргэжлээр дипломоо сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нараасаа хүндэтгэлтэй гардан авлаа.
Эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллийн сэтгэгдлийг цахим хэлбэрээр танилцуулсан нь төгсөгч залуусын сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн хэсэг байлаа.
Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжийн эрхлэгч нар Сурлагын амжилт, бүтээлээрээ бусдыгаа манлайлан 3.7-оос дээш буюу улаан дипломтой төгсөж буй нэр бүхий 17 төгсөгчид ШИЛДЭГ ТӨГСӨГЧ өргөмжлөл, дурсгалын унжлага, мөн Олон улсын болон үндэсний хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан, эрдэм шинжилгээний хурал болон урлаг, спорт, нийгэм чигтэй ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан амжилт үзүүлсэн нэр бүхий 6 төгсөгчид ОНЦЛОХ ТӨГСӨГЧ өргөмжлөл, дурсгалын унжлага зэргийг гардуулан өгөв.
Төгсөлтийн хүндэтгэлийн үйл ажиллагааг хааж, Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, СЭЗИС-н ТУЗ-н дарга, Глобал Эдийн Засгийн Хүрээлэнгийн Ерөнхий захирал, Их Британийн Брэдфордын их сургуулийн хүндэт доктор, профессор Р.Амаржаргал шинэхэн төгсөгч залуустаа баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүслээ.
#ufe_entrepreneur_university #ufe_graduation2026 #ufe_futureleaders #ufe_friendsforever


