“TOURISM WEEK–2026”: СЭЗИС АЖЛЫН БАЙРТАЙ УЯН ХАТАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, бодит ажлын туршлагатай мэргэжилтэн төлөвшүүлэх зорилготой “Ажлын байранд суурилсан дадлагажих хөтөлбөр” болон “Ажлын байртай элсэлт” хөтөлбөрүүдээ “Tourism Week–2026” арга хэмжээний үеэр танилцууллаа.
Уг арга хэмжээнд 21 аймгийн жуулчны бааз, тур оператор, тур агент, зочид буудлын төлөөлөл 100 гаруй байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож 1000 гаруй ажлын байранд ажиллах хүч авахаар хуран цугларсан байна.
“Оюутан залуусын өдөр ба Ажлын байрны өдөрлөг”-ийн үеэр СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б. Мөнхзаяа Ажлын байртай уян хатан сургалтын хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, давуу талын талаар танилцууллаа.
СЭЗИС нь дижитал болон энтрепренер чиглэлийн боловсролыг хөгжүүлж, онол–практикийг хослуулсан сургалтын загвараар дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах манлайлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор сургалт, судалгаа, оюутны хөгжлийн олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Ажлын байртай уян хатан сургалтын хөтөлбөр нь онол–практик хосолсон сургалт, ажлын байранд суурилсан дадлага, уян хатан сургалтын хэлбэр, ажил олгогчтой нягт хамтын ажиллагаа, богино хугацаанд мэргэжил эзэмших боломж, цалинтай ажлын байр, Олон улсын сургалт, дадлагын боломж, төгсөөд шууд ажлын байранд ажиллах боломжтой.
Оюутан – Их сургууль – Ажил олгогчийн хамтын загвар
СЭЗИС нь оюутнуудад онолын мэдлэгийг бодит ажлын туршлагатай хослуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор ажлын байранд суурилсан сургалтын загварыг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оюутнууд суралцах хугацаандаа байгууллагад ажиллаж, мэргэжлийн ур чадвар эзэмшихийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн дадлага туршлагатай төгсөгч болон төгсөх хөтөлбөр юм.
2024–2025 оны хичээлийн жилийн II улирлын байдлаар уг хөтөлбөрт 19 байгууллагын 27 ажлын байранд нийт 35 оюутан хамрагдсан байна. Оролцогчид санхүү, мэдээллийн систем, маркетинг, аялал жуулчлал зэрэг мэргэжлийн чиглэлээр бодит ажлын туршлага хуримтлуулж дадлагажсан байна.
“Ажлын байртай элсэлт” тэтгэлэгт хөтөлбөр
СЭЗИС нь “Ажлын байртай элсэлт” тэтгэлэгт хөтөлбөрийг Мандал санхүүгийн нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд оюутнууд суралцах хугацаандаа ажиллахын зэрэгцээ танхим болон цахим сургалтыг хослуулан суралцаж, 3 жилийн хугацаанд бакалаврын зэрэгтэй төгсөх боломжтой. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 100 хүртэлх хувийн сургалтын тэтгэлэг, цалинтай ажлын байр, мөн туршлагатай менторын дэмжлэг авах боломжтой юм.
Олон улсын хамтын ажиллагаа, карьерын боломж
СЭЗИС-ийн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежмент хөтөлбөр нь салбарын хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэг бөгөөд төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 100 хувь, үүнээс 85 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Суралцагч оюутнууд нь Япон, АНУ, Швейцар, БНСУ зэрэг орнуудад хамтарсан хөтөлбөрөөр суралцах, гадаадад цалинтай дадлага хийх боломжтой. 2013 оноос зэргийн сургалтаар эхэлж, 2019 оноос эхлэн бакалаврын сургалтыг явуулж байна.
Хөтөлбөрийн давуу тал
- Хос болон хавсарга хөтөлбөр (Бакалавр + Бакалавр)
- Ажлын байранд 6 сар хүртэл цалинтай дадлага хийх
- Гарааны бизнес эхлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ
- Англи, Япон хэлний эрчимжүүлсэн сургалт
- Япон улсад цалинтай дадлага + цахим сургалт (2+1+1 жил)
- БНХАУ-ын Шандон мужийн аялал жуулчлалын их сургуультай хамтарсан хөтөлбөр (1+2+1 жил)
- АНУ-ын Ниагара их сургуультай хамтарсан хөтөлбөр (2+2 жил)
- Швейцарийн BHMS сургуультай хамтарсан хөтөлбөр (3+1, 2+2 жил)
- БНСУ-ын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хамтарсан хөтөлбөр (2+2, 3+1 жил)
- Мэргэжлийн холбоодтой хамтарсан сургалт, судалгаа
- Салбарын тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө хөгжүүлэх
- 1 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой хөтөлбөр юм.

