Logo
UFE
2026-07-03

СЭЗИС төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа

СЭЗИС төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын чадавхыг  бэхжүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр үе шаттай сургалтын хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Эхний шатанд 2026 оны 6 дугаар сарын 22–23-ны өдрүүдэд "Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын чиглэлээр албан хаагчдыг чадавхжуулах" сургалтыг зохион байгуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлага, дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний чиг үүрэг хариуцсан 140 гаруй удирдах болон гүйцэтгэх албан хаагч хамрагдлаа. 8 цагийн сургалтын хүрээнд эрсдэлийн удирдлагын олон улсын стандарт, төрийн байгууллагад хэрэгжүүлэх арга зүй, эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ төлөвлөх, тайлагнах зэрэг практик мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэв. Үргэлжлүүлэн 2026 оны 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд "Тандалт судалгаа, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх" 32 цагийн сертификаттай сургалтыг зохион байгуулж, 70 төрийн албан хаагч хамрагдлаа. Энэхүү сургалт нь төрийн байгууллагуудад тандалт, судалгаа, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлагын олон улсын стандарт, арга зүйг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг олгохоос гадна насанд хүрэгчдийн сургалтын арга зүйд суурилсан сургагч багш бэлтгэх зорилгоор хэрэгжсэнээрээ онцлог байв. Сургалтыг СЭЗИС-ийн Бакалаврын сургалт хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа, Мэдээллийн системийн тэнхимийн эрхлэгч Н.Саранчимэг, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн дэд профессор, доктор Ц.Пүрэвтуяа нар удирдан явуулж, онол, практик хосолсон сургалтаар оролцогчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэн ажиллалаа. Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, байгууллагын хэрэгцээнд нийцсэн богино хугацааны сертификаттай сургалт, захиалгат сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг үндэсний болон олон улсын сайн туршлагад тулгуурлан тогтмол хэрэгжүүлж, байгууллагын хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна.