Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн /РЦНК/ дэргэдэх Орос хэлний төв Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд байгуулагдлаа

Орос-Монголын дипломат харилцаа үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй 2021 онд СЭЗИС-д байрлах Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн /РЦНК/ дэргэдэх Орос хэлний төвүүдийн 33 дахь салбар төвийн нээлтийн үйл ажиллагаа 3 сарын 3-ны өдрийн 3 цагт СЭЗИС-ийн Хүндэтгэлийн гэр өргөөнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Орос хэлний төвийн нээлтэд МУ-д суугаа ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, МУ дахь Россотрудничество төлөөлөгчийн газрын тэргүүн, УБ дахь ОШУСТөвийн дарга Базархандаев Амгалан Ринчинович, ОШУСТ-ийн дэргэдэх орос хэл дээрх нээлттэй боловсролын институтийн арга зүйч Васильева Валерия Викторовна, ОШУСТ-ийн ахлах референт – орчуулагч Зимирёв Владимир Сергеевич, СЭЗИС-ийн ректор Б. Мөнхбаяр, ахисан түвшний судалгаа, сургалт хариуцсан проректор Ж. Батхуяг, гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Имидеева Ирина Владимировна, ректорын туслах Н. Халиун нар оролцсон юм.
ОШУСТ-ийн зүгээс СЭЗИС дахь Орос хэлний төвд зориулж 2,589 ам.долларын үнэ бүхий уран зохиолын ном, орос хэлний сурах бичиг, заах арга зүйн материал, гарын авлага зэргийг бэлэглэлээ. Тус төв нь шинжлэх ухаан, боловсрол, соёлын чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлж өөрийн үйл ажиллагаагаар дамжуулан монгол иргэдэд орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх юм.