Logo
UFE
2023-03-17

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн туршлагаа Монгол Улсын их, дээд сургуулиудад танилцуулж, туршлага солилцлоо

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн туршлагаа Монгол Улсын их, дээд сургуулиудад танилцуулж, туршлага солилцлоо

АНУ-ын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/-өөр Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн туршлагаа Монгол Улсын их, дээд сургуулиудад хуваалцах, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, түүний хэрэгжилт, ач холбогдлын талаар их, дээд сургуулийн удирдлагуудын санал бодлыг сонсох, туршлага солилцох зорилгоор “ACBSP REAFFIRMATION - UFE 2032” хэлэлцүүлгийг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-тэй хамтран 2023.03.17-ны өдөр зохион байгууллаа. 

 

СЭЗИС нь 2008 онд Монгол Улсаас хамгийн анх ACBSP байгууллагын гишүүн сургуулиар элсэж, 2012 онд анх удаа Олон Улсад магадлан итгэмжлүүлсэн (Initial accreditation) их сургууль болж байсан бол 2022 онд  СЭЗИС-ийн ахисан түвшний магадлан итгэмжлэлийг 2032 он хүртэл дахин баталгаажууллаа (Reaffirmation). 

ACBSP нь 30 гаруй жилийн турш боловсролын байгууллага, институтийн дээд боловсрол, бакалавр, ахисан түвшний зэргийн боловсрол олгодог бизнесийн хөтөлбөрүүдийг анхлан магадлан итгэмжилж, магадлан итгэмжлэлийн тэргүүн туршлагыг дэлхий даяар сурталчлан таниулдаг 60 улсад 1200 гаруй гишүүдтэй үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын байгууллага юм.

 

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр Монгол улсын дээд боловсролын салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлага, түүнийг бусад их, дээд сургуулиудад таниулах, туршлагаа хоорондоо солилцохын ач холбогдол, Монгол Улсын их, дээд сургуулиуд, хамтдаа олон улсын тавцанд гарах нь боловсролын чанарыг сайжруулах чухал алхам болохыг онцоллоо. СЭЗИС нь ACBSP-ийн зөвлөмжийн дагуу ажиллан, байгууллагын манлайлал, стратеги төлөвлөлт, оролцогч талуудын хамтын ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанар, оюутны сурлагын амжилт, суралцахуйн үр дүн, багш, оюутны карьер хөгжил, багш нарын мэдлэг, чадвар, засаглалын тогтолцоонд сайжруулалтыг тогтмол, үр дүнтэй хийж ажилласны үр дүн нь энэхүү магадлан итгэмжлэлийн зорилго оршиж байгааг цохон тэмдэглэлээ. 

Мөн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй БМИҮЗ-ийн дэд дарга, Ажлын албаны захирал доктор Ж.Ариунболд Дэлхий дээр Quacquarelli Symonds (QS) болон Times higher education (THE) эрэмбэлэгддэг 22 сургууль байгаа ба тус сургуулийн хоёр орчим хувь энтрепренер үйл ажиллагаатай их сургууль байдаг. Мөн 1999 оноос Дээд боловсролын олон улсын хурлууд болж эхэлсэн бөгөөд сүүлд Испани улсад зохион байгуулагдсан хурлын гол сэдэв  нь ДИЖИТАЛ ИХ СУРГУУЛЬ талаар байлаа. Өнөөдрийн танилцуулж буй олон улсын түвшний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн жишээнээс харахад СЭЗИС нь эрхэм зорилготой нийцтэй байгаа төдийгүй, дараагийн 10 жилийн зорилгыг олж харсан гэж дүгнэж байна. 

 

СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа (Ph.D) нь дахин магадлан хийх үйл явц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Тухайлбал, магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах, ажлын хэсэг байгуулах, тайланг бэлтгэхээс илгээх хүртэлх үйл явцыг өөрийн сургуулийн жишээ дээр авч үзэн танилцууллаа. Монгол Улсын 20 их, дээд сургуулийн оролцогчид, илтгэгчээс сонирхсон асуултаа асууж цаашид хэрхэн бэлтгэх, анхаарах зүйлс, нийт зохион байгуулалтын зардал гэх мэт нарийн зүйлсийн тухай санал солилцов. 

 

Түүнчлэн ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн профессор Б.Энхтуяа (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Академик чиглэл эрхэлсэн дэд захирал С.Эрдэнэтуул (Ph.D) нар зочин илтгэгчээр оролцож өөрийн сургуулийн ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн туршлагаа хуваалцсан юм. Тодруулбал, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, менежментийн хөтөлбөрүүд нь анх 2013 онд олон улсын ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдэж, түүнээс хойш 2015, 2017, 2022 онуудад тус тус ахиц дэвшлийн явцын тайлангаа илгээж, үнэлүүлэн магадлан итгэмжлэлээ баталгаажуулсан байдаг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хувьд 2017 онд ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдэж  түүнээс гарсан зөвлөмжийн дагуу бүх түвшний хөтөлбөрийг үр дүнд суурилсан боловсролын үзэл баримтлалын дагуу сайжруулжээ. 

 

Оролцогч сургуулиуд:

  1. Төмөр Замын Дээд Сургууль
  2. Орхон Их Сургууль
  3. Улаанбаатар Эрдэм Их Сургууль
  4. Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Их Сургууль
  5. Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
  6. ХААИС, ЭЗБС
  7. ШУТИС, БАТС
  8. Этүгэн Их Сургууль
  9. Эм Ай Ю дээд сургууль
  10. Эдийн Засгийн Үндэсний Дээд Сургууль
  11. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
  12. ШУТИС-Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
  13. Идэр Их Сургууль
  14. Боловсрол Соёл Эрхзүйн Дээд Сургууль
  15. СУИС-ийн ДУА
  16. Мандах Их Сургууль
  17. Шинэ анагаах ухааны их сургууль
  18. Этүгэн Их Сургууль
  19. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл
  20. ИЗОУИС-ийн ДУДДС  

Хэлэлцүүлэг идэвхитэй оролцосн нийт 20 их, дээд сургуулийн 70 гаруй төлөөлөл болон хамтран зохион байгуулсан БМИҮЗ-ийн хамт олонд гүн талархалаа илэрхийлье.