СЭЗИС болон Монголын Даатгалын Зах Зээлийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монголын даатгалын зах зээлд хүний нөөцийг бэлдэх шинэ үе шат эхэлж байна.
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Монголын Даатгалын Зах Зээлийн Холбоо хамтран даатгалын салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр тал даатгалын салбарын мэргэжлийн стандартыг хангасан, ёс зүйтэй, чадварлаг, мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэн төлөвшүүлэх, түүнчлэн сургалтын хөтөлбөр, арга зүйг сайжруулах, практик сургалтыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Мөн Монгол улсын даатгалын салбарын хөгжилд энэ хамтарсан ажил нь чухал хувь нэмэр оруулна гэдгийг салбарын захирлууд онцлов. Ирээдүйд энэхүү хамтарсан ажлын үр дүнд даатгалын салбарт олон улсын стандартыг хангасан, өндөр мэргэжлийн түвшинд суралцсан боловсон хүчин бэлтгэгдэж, улмаар Монгол Улсын даатгалын салбар улс орны түвшинд дахин нэг шат ахих болно.
Гэрээний хүрээнд дараах гол чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллахаар боллоо:
1. Мэргэжлийн сургалтын хөтөлбөр боловсруулах: Даатгалын компаниудад шаардлагатай мэргэжлийн ур чадвар, онолын мэдлэгээр бүрэн хэрэглэгдэхүйц, орчин үеийн олон улсын стандартад нийцсэн хичээлийн хөтөлбөрийг боловсруулна. Энэ нь даатгалын математик, эрсдэлийн үнэлгээ, зэрэглэл, хөрөнгө оруулалтын менежмент, кибер эрсдэлийн аюулгүй байдал зэрэг орчин үеийн чиглэлүүдийг багтаана.
2. Практик сургалт, дадлагын хөтөлбөрийг нэвтрүүлэх: СЭЗИС-ийн оюутан залуучууд МДЗЗХ-ын гишүүн байгууллагуудад тогтвортой дадлага хийх, бодит ажлын туршлага хуримтлуулах боломжтой болно. Мэргэжлийн даатгагчид хичээл зааж, мастер классууд явуулах замаар оюутнууд салбарын бодит сорилт, боломжуудтай танилцах болно.