Logo
UFE
2025-12-10

“Ulaanbaatar Blockchain Week 2025” арга хэмжээ

“Ulaanbaatar Blockchain Week 2025” арга хэмжээ

Өнгөрөгч долоо хоногт “Ulaanbaatar Blockchain Week 2025” арга хэмжээний хүрээнд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Тэнгэр ТВ хамтран Монгол Улсад блокчэйн технологийн бодит хэрэглээ, боломж, олон улсын чиг хандлагын талаар нийгмийн хэлэлцүүлгийг өргөтгөх зорилготой “Блокчэйн ба т₮үүний хэрэглээ” сэдэвт анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд нийт 6 их дээд сургуулийн 17 эрдэм шинжилгээний өгүүлэл ирсэн. Үүнээс олон улсын жишигт нийцсэн Double Blind шалгаруулалтын аргачлалаар инновацын чиглэл, шинэлэг шийдэл, практик хэрэгжих боломж, судлагдсан байдлын үндсэн дөрвөн шалгуурт тулгуурлан хамгийн өндөр үнэлгээ авсан зургаан судалгааг танилцуулсан юм.

 

Энэ жилийн академик хурал нь блокчэйн технологийг зөвхөн криптовалютын хүрээнд бус санхүү, засаглал, бүртгэлийн тогтолцоо, дэд бүтэц, үйлчилгээний шинэ загварт хэрхэн уялдуулах боломжтойг оюутан судлаачдын бүтээл дээр үндэслэн тодорхой харуулсан гэдгээрээ онцлог байлаа. Шихихутаг, СЭЗИС, МУИС, Идэр их сургуулийн оюутнууд сонгуулийн ил тод байдал, улсын бүртгэлийн системийн шинэчлэл, төвлөрсөн бус eSIM платформын шийдэл, автомашин хэрэглэгчийн эрсдэлийн бууралтын загвар, үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний аюулгүй байдал, төрийн худалдан авалтын ил тод байдлыг сайжруулах боломж зэрэг олон талт, бодит амьдралд нэвтрэхүйц судалгааг танилцуулсан нь Монголд блокчэйн технологийн хэрэглээний цар хүрээ өргөн байгааг баталлаа.

 

Эрдэм шинжилгээний ажлуудыг NomadDAO компанийн хамтран үүсгэн байгуулагч Ц.Золбоо, Санхүүгийн боловсролын зангилаа ГҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, AIGroup - Blockchain Consultant Д.Чадраабал нар шүүн үнэлж, бодитоор хэрэгжүүлэх боломж, олон улсын чиг хандлагатай уялдал, судалгааны арга зүй, технологийн шинэлэг элементүүдийг гол шалгуур болгосон. Шалгаруулалтын дүнгээр Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Мэдээллийн системийн хоёрдугаар курсын оюутан М.Нармандах “Төрийн худалдан авалтын ил тод байдал ба блокчэйн” сэдвээр хамгийн өндөр буюу 20.8 оноо авч тэргүүн байрт шалгарсан бол дэд байранд СЭЗИС-ийн магистрант Т.Ууганбаяр “Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог блокчэйн технологиор төгөлдөржүүлэх нь” сэдвээр шалгарлаа.

 

Зохион байгуулагчдын зүгээс эрдэм шинжилгээний хурлыг “Ulaanbaatar Blockchain Week”-ийн салшгүй хэсэг болгох нь технологи, бодлого, эдийн засгийн огтлолцлын тухай зөв ойлголтыг олон нийтэд түгээх чухал алхам гэдгийг онцолж байна. Блокчэйн технологи нь зөвхөн арилжааны хэрэгсэл бус ил тод байдал, өгөгдлийн найдвартай байдал, автоматжуулсан системийн шинэ түвшний шийдлүүдийг бий болгох дэвшилтэт технологийн суурь учир Монголд энэ чиглэлийн судалгааны соёлыг төлөвшүүлэх нь салбарын хөгжил, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах стратегийн ач холбогдолтой юм.

 

Оюутан судлаачдын хувьд энэхүү хурал нь шинээр судалгааны ажил эхлүүлэх, стартап санаагаа хөгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ илгээх, технологийн хурдацтай өөрчлөгдөж буй чиг хандлагад бэлтгэгдэх бодит боломжийг нээсэн томоохон алхам боллоо. Хуралд оролцогчдын хэлснээр, койн төвтэй ойлголт давамгайлж байсан өнгөрсөн үеэс технологийн бодит хэрэглээ, Web3 инновацын хандлага руу Монголын нийгэм шилжиж эхэлж буй нь салбарын хөгжилд эерэг дохио болж байна.

 

“Ulaanbaatar Blockchain Week” цаашид эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг өргөжүүлж, олон улсын экспертүүдийн оролцоог нэмэгдүүлэн, судалгаа–инноваци–стартапын уялдааг хангах үндэсний түвшний платформ болгон хөгжүүлэх зорилт тавьж байна. Энэ жилийн академик хурал нь Монголд блокчэйн судалгааны экосистем бүрэлдэх эхлэл төдийгүй технологийн шинэ давалгааны боломжийг оюутан, мэргэжилтнүүдэд нээсэн чухал үйл явдал боллоо гэж зохион байгуулагчид онцоллоо.