СЭЗИС-ийн Гадаад хэлний боловсрол: Англи хэлний бакалаврын хөтөлбөрийн нээлт боллоо

СЭЗИС нь 2022-2023 оны хичээлийн жилээс Гадаад хэлний боловсрол: Англи хэлний бакалаврын зэрэг олгох цагийн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэллээ. Гадаад хэлний институтээс хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн нээлт 2022.10.14-ний өдөр СЭЗИС-ийн байранд зохион байгуулагдаж, хөтөлбөрт шинээр элсэгчид, багш, удирдлагын төлөөлөл оролцлоо. Гадаад хэлний институт нь Монгол болон, гадаад 20 гаруй багштай бөгөөд үүнээс 30% доктор, 45% докторант, 30 орчим хувь нь Хятад болон АНУ-д боловсрол эзэмшсэн багш нараас бүрдэнэ. Англи хэлний багш нарын 84% нь олон улсын TESOL зэрэгтэй багш нар ажиллаж байна. Хөтөлбөр нь ажлын бус цагаар англи хэлний мэдлэгээ мэргэжлийн түвшинд эзэмших сонирхолтой бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд, өмнө нь бакалаврын зэрэг эзэмшсэн элсэгчдэд хоёр дахь мэргэжлээ эзэмших боломж олгодог онцлогтой.
Хөтөлбөрийн зорилго: Академик англи хэлний сургалтад суурилан англи хэлний суурь ойлголтоос эхлэн аман болон бичгийн орчуулгийг тодорхой мэргэжлийн хүрээнд хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн онцлог, давуу тал:
- Сургалт 100% англи хэлээр;
- Олон улсын Академик Англи хэлний хөтөлбөрт суурилсан;
- TESOL, TEFL олон улсын зэрэг, докторын зэрэгтэй туршлагатай гадаадын болон Монгол багшлах бүрэлдэхүүн;
- Ажлын бус цагаар танхим, цахим сургалтын уян хатан нөхцөлтэй;
- Шүүн тунгаах сэтгэлгээгээ хөгжүүлэх, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөртэй;
- Багийн болон хувийн ажиллагаанд суурилсан технологитой хосолсон орчин үеийн заах арга зүйтэй;
- Мэргэжлийн тухайн салбарт ажиллахад шаардагдах Англи хэлний ур чадвар эзэмшүүлэх дадлага, кейс сургалттай;
- Гадаад багш нарын удирдан явуулдаг ярианы үнэ төлбөргүй клубтэй.
Мэргэжлийн хичээлүүд
- Академик англи хэл
- Мэргэжлийн орчуулгын онол
- Албан бичгийн орчуулга
- Мэргэжлийн болон мэргэшүүлэх орчуулга
- Орчуулгын өгүүлбэр зүй, найруулга зүй
- Синхрон орчуулга
- Ажлын байрны англи хэл
Бакалаврын шинэ хөтөлбөр санаачлан, хэрэгжүүлж буй гадаад хэлний институтийн эрхлэгч доктор А.Ёндон, багш нарт, бусад гишүүддээ баяр хүргэж, амжилт хүсье.
Мөн СЭЗИС нь Бакалавр 2.0 хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд гадаад хэлний боловсролыг дэмжих чиглэлд дараах өөрчлөлт, шинэчлэлүүд хийгдээд байна. Үүнд:
1. Академик англи хэлний хичээл
2021-2022 оны хичээлийн жилээс олон улсын боловсролын Пеарсон байгууллагатай хамтран Пеарсон Aкадемик Англи хэл хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь их, дээд сургуульд амжилттай суралцахад шаардлагатай унших, бичих, ярих, сонсох чадваруудыг Англи хэлний дунд, гүнзгий, ахисан гүнзгий түвшинд хүргэх зорилготой, суралцах арга аргачлалыг давхар эзэмшүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр СЭЗИС-ийн бакалаврын төгсөгч нь мэргэжлээс үл хамааран B2-оос дээш түвшний англи хэлний мэдлэгтэй төгсөнө.
2. Академик англи хэлний богино хугацааны сургалт
Гадаад хэлний институт нь академик яриа болон бичих ур чадварыг хөгжүүлэх, академик Англи хэлний анхан шат, байгууллагын захиалгат сургалт, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан зэрэг сургалтуудыг тогтмол явуулж байна.
3. Гадаад хэлний боловсролын хос болон хавсрага мэргэжил
Бакалаврын хөтөлбөрт суралцаж байх хугацаандаа ажлын бус цагаар Гадаад хэлний боловсролын хос болон хавсрага мэргэжил эзэмших боломжтой. Хавсрага мэргэжил 30 кредит, хос мэргэжил нь 64 кредит цагийн хэл шинжлэлийн мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ.
4. Хятад хэлний хөтөлбөр
Олон улсын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг БНХАУ-ын Дунгбэй Санхүү Эдийн Засгийн их сургууль, Далианы политехникийн их сургууль, Далианы их сургуулиудад суралцах оюутны хэлний бэлтгэлийг мэргэжлийн түвшинд хангах зорилгоор хятад хэлний хичээлийг анхан шатнаас Хятад хэлний олон улсын шалгалтын (HSK) 4-р зэрэг хүртэл Хятад, Монгол багш нар хамтран заадаг. Нийт 48 кредит цагийн хятад хэлний хичээлийг оюутан судалж хэлний бэлтгэлээ хангадаг ба СЭЗИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Хятад хэлний сургалтыг оюутнуудад 50%-ийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэн суралцах боломжийг олгодог. Мөн англи хэлний B2-оос дээш түвшинтэй оюутнууд Хятад хэлийг хөнгөлттэй нөхцөлөөр суралцах боломжтой юм.
СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба