“Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны тайлангийн танилцуулга боллоо

СЭЗИС 100 жилийн ойн хүрээнд “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны ажлыг хийж үр дүнг 2024.03.04-ний өдөр олон нийтэд танилцууллаа.
Уул уурхайн салбар, түүнд хийгдэж буй гадаадын хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх нөлөөллийг тоон болон чанарын шинжилгээний арга ашиглан тодорхойлсон. Мөн салбарын мэргэжилтэн, судлаачид төрийн байгууллага, уул уурхайн компанийн удирдлага, ажилтан, орон нутгийн иргэд, олон нийт гэх мэт олон оролцогч талуудын байр суурийг тусгаснаараа онцлог болсон гэж судалгааны баг үзэж байна.
Судалгааны ажлын танилцуулгад төрийн байгууллага, ОУ-ын байгууллага уул уурхай, тээврийн компаниуд, сургалт судалгаа, санхүүгийн байгууллагын төлөөллүүд, мэргэжилтэн, шинжээчид хэвлэл мэдээлэл, ТББ-ын нийт 70 гаруй сонирхогч талууд оролцлоо.
Судалгааны багийн зүгээс эдгээр талуудад өөрсдийн хийсэн судалгааны ажлын зорилго, хамрах хүрээ, судалгаанд оролцогч талууд, судалгааны голлох үр дүнгүүдийг танилцуулж, талуудын сонирхсон асуултад хариулах байдлаар хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны ажил нь Уул уурхайн салбар дахь ГШХО-н эдийн засаг, нийгэмд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлохоос гадна тухайн төрийн бодлого, хэрэгжилт энэ салбарын үйл ажиллагааны талаарх мэргэжилтэн судлаачид төрийн байгууллага, уул уурхайн компаниуд болон бусад оролцогч талуудын оролцоо хандлагыг тодорхойлох зорилготой хийгдсэн бөгөөд дараах голлох үр дүнгүүд гарсан байна.
Үүнд:
- 2010 оноос хойш УУ-н салбарт их хэмжээний ХО хийгдэж, томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр, тус салбарын үйлдвэрлэл эрчимжиж, эдийн засаг дахь УУ-н салбарын нөлөө улам их болсон.
- УУ-н салбарт орж буй ГШХО тус салбарын үйлдвэрлэлийг өсгөж, нийт эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж байна.
- ГШХО-н дийлэнхийг эзэлж буй Оюу Толгойн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын эдийн засаг дахь нөлөөлөх нөлөөллийг 22 хувиар нэмэгдүүлж байна.
- УУ-н салбарын төлж буй татварын 76 хувийг топ 5 компани бүрдүүлж байна.
- УУ-н салбарын бүтээмж улсын дунджаас 2.4 дахин өндөр байна.
- УУ-н салбарын ажилчдын цалин улсын дунджаас 2.4 дахин өндөр байгаа бөгөөд 2010 оноос хойш 6.3 дахин өссөн байна.
Нийгмийн нөлөөллийн хувьд
- Уул уурхайн салбар нь орон нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй, ГШХО бүхий том төслийн нөлөө нь илүү их байдаг. Уул уурхай хөгжсөн орон нутагт эдийн засгийн бусад салбар хөгжих боломж 40-50 хувиар илүү байдаг.
- Уул уурхайн бүсэд амьдарч буй иргэдийн орлого бусад бүс нутагтай харьцуулахад 50 орчим хувь өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага байдаг.
- ГШХО нь ажил, амралтын байрны стандартыг баримтлахад эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд уул уурхайн салбарын ажилчид ГХО-тай уул уурхайн компанид ажиллах сонирхол их байна.
- Орон нутгийн иргэдийн амьдрах орчин, амьдралын чанар, худалдан авах чадвар нь ГШХО-тай уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг бүсэд харьцангуй өндөр байна.
- Уул уурхайн салбар хөгжсөн газар нутагт дэд бүтцийн хөгжил бусад аймгуудтай харьцуулахад 40 орчим хувиар өндөр байдаг.
Бодлого орчны хувьд
- Монгол Улсын хөгжил, уул уурхай, ГШХО-н талаар тогтсон бодлого үзэл баримтлал төлөвшөөгүй.
- ЗГ-н газрын бодлогын залгамж чанар муу байгаа нь УУ, ГШХО-н бодлогын хэрэгжилтэд сөрөг нөлөөлөх гол нөхцөлийн нэг байх боломжтой байна.
- Уул уурхайн салбар, ГШХО-н нийгэм, эдийн засгийн нөлөөллийг талууд өндрөөр үнэлж байна.
- Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд ГШХО-н нөлөөлөх нөлөөллийг оролцогч талууд хүлээн зөвшөөрдөг салбарын үйл ажиллагаанд эерэг суурь орчин байгааг нотолж байна.
- Бодлого, хуулийн хүрээнд гол асуудал нь тогтвортой, ойлгомжтой байдал, ойлгомжтой байдлыг чухалчилж байна.
Дээрх үр дүнд үндэслэн судалгааны багийн зүгээс уул уурхайн салбар дахь ГШХО-н бодлогын тогтвортой байдлыг хангах, эрх зүйн орчныг сайжруулах нь хөрөнгө оруулалтын нөлөөллийг улам нэмэгдүүлэх боломжтой гэж үзэхийн зэрэгцээ харилцан ашигтай байх Монгол Улсын хөгжилд нөлөөлөх нөлөөллийг нэмэгдүүлэх, байгаль орчны асуудлыг анхаарсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.
Судалгааны үр дүнг хүртээмжтэй болгох зорилгоор үндсэн болон хураангуй тайлан гэсэн хоёр хэлбэрээр олон нийтэд хүрч байна. Тайлантай дараах холбоосоор танилцах боломжтой.
Үндсэн тайлан: https://drive.google.com/file/d/15RuDxB-pjiH2Wqm2W_OydjUKYcQlw_vu/view?usp=sharing
Хураангуй тайлан: https://drive.google.com/file/d/157gUUGgmIcTlFhNOgCmwQQ-jMxCsDp5u/view?usp=sharing
Уул уурхайн салбар, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлсноор эерэг нөлөөллийг улам бүр нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд бодлого боловсруулах, оролцогч талууд нэгдмэл нэг ойлголттой болоход уг судалгааны ажил хувь нэмэр оруулна гэж найдаж байна.