Logo
UFE
2024-04-11

1972 оны төгсөгч, Олон улсын хэмжээний мастер, уулын спортын гавьяат дасгалжуулагч Ж.БАЯНЦАГААН төрөлх сургуулиараа зочиллоо

1972 оны төгсөгч, Олон улсын хэмжээний мастер, уулын спортын гавьяат дасгалжуулагч Ж.БАЯНЦАГААН төрөлх сургуулиараа зочиллоо

Улаанбаатар хотын зүрхэн тушаа сүндэрлэж, Сэлбэ голынхоо хөвөөнд байрлах СЭЗИС өдгөө түүхэн 100 жилийн баяр тэмдэглэж байна. Энэ тэгш зуун жилийн ойн мэндийг мэдэн, сургуулиа дурсан, ангийнхан, ачит багш нараа санан дурсах манай төгсөгчид Монгол улсын өнцөг булан бүрд амжилт бүтээлээ эргэцүүлэнхэн суугаа нь лавтай.

Төгсөгч-ахмадууд маань бүгд сэтгэл нь догдолж, сургуулиараа бахархах сэтгэл, оюутан насныхаа дурсамжаа хуваалцаж байна.

Тэдний нэг Жамсрангийн БАЯНЦАГААН гуай 2024-04-10-ы өдөр төрөлх сургуулиараа зочилж, залуу насны дурсамжаа бидэнтэй хуваалцлаа.

1968 онд спортод хайртай тэрээр СЭЗТехникумд барилгын нягтлан бодогч мэргэжлээр элсжээ. Тухайн үед сургуулийн захирлаар Аюурзана гуай ажиллаж байв.

Өнөөгийн сайхан амьдралыг бүтээхэд ачит багш нар, сургууль маань мөн ч их тустай байлаа гээд тэднийгээ дурсан, санаж, бахархаж явдаг хэмээсэн юм.

Химийн багш   С.Пагма ангийн маань багшаар ажиллаж бид 27-лаа төгсөж байсан, одоо ч 6- лаа үлджээ гээд гүн бодолд автлаа.

Хэнтийн Биндэрээс гаралтай Физикийн багш Цэгмэд, Барилгын Нягтлан бодох мэргэжлийн хичээлийн багш Сандаг, Төлөвлөгөөт эдийн засгийн багш Дугар, Үйлдвэрийн технологийн багш Ширчин, Улс төрийн эдийн засгийн багш Цэрэн-Янжин гээд эрдэмтэй багш нараар хичээл заалгаж явсан азтай хүн би.

Тухайн үед нягтлан бодогчдыг Барилгын нягтлан бодогч, Банкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын нягтлан бодогч, ХАА-н нягтлан бодогч, САА-н нягтлан бодогч, Төсвийн нягтлан бодогч, үйлдвэрийн нягтлан бодогч г.м төрөлжүүлэн бэлтгэдэг байжээ.

Ж.БАЯНЦАГААН гуайг төгсөх үеэс 3 жил сураад, 1 жил дадлага дээр гаргадаг болсноор ажлын  байранд туршлагатай боловсон хүчин очсон гэнэ. Түүгээр зогсохгүй үндсэн цалин 685 төгрөг, цолны нэмэгдэл 75 төгрөг авдаг под хийсэн мэргэжилтэн байлаа гэв.  

Цолны нэмэгдэл: Ж.БАЯНЦАГААН гуай сурагч байхын л спортод дуртай, биеийн хөгжил сайтай хүү байсан ба цана, уулын спортод  хорхойсож, Олон улсын хэмжээний мастер, уулын спортын гавьяат дасгалжуулагч болтлоо тууштай зүтгэсэн тамирчин байсан учир цолны нэмэгдэл цалинтай байсан байх нь.

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол дээр хүүхэд насаа өнгөрөөсөн тэрээр СЭЗТ-ыг амжилттай төгсөөд МУИС мөн амжилттай дүүргэхдээ диплом хамгаалж төгсдөг анхны үе буюу  4-5 оюутны нэг нь байжээ. Энэ амжилтын суурийг төрөлх сургууль маань тавьж өгсөн юм шүү дээ гээд бахархаж, баярлаж суудаг даа. Түүний оюутан үеийн найз нараас 3 гавьяат төрсөн гэв.  

Бие хаа сайтай, бүжиглэчихмээр хүү байна гээд хэд, хэд вальс эргүүлж үзсэн нэг багш бий гэв. Мэдээж манай алдарт Төмөрхүү багш маань шүү дээ. Дөнгөж төгсөөд ирсэн тэрээр найз Гавьяат жүжигчин Лувсангомбын хамт ийнхүү бүжгийн дугуйлангийн сурагчдыг сонгон шалгаруулж байсан нь тэр ажээ.

Ж.БАЯНЦАГААН гуай хичээлдээ шамдахын сацуу спортод шантралгүй зүтгэж, уулын спортын гавьяат дасгалжуулагч болсон ба Уулчдын үндэсний холбооны хүндэт ерөнхийлөгч,  Үндэсний олимпын хорооны хяналт, шалгалтын зөвлөлийн даргаар 35 жил ажиллаж байгаа аж.  

 Сургуулийнхаа биеийн тамирын заалыг сонирхож, Б.Пүрэвдорж багштай жаахан ч болов спортынхоо тухай хөөрөлдсөн тэрбээр 2024 оны 5-р сарын 25-ы өдөр UG Arena-д очиж тэмцээн үзнэ гэсэн нь илтэд дотно санагдав аа.

Баярлалаа, Танд эрүүл энх байхыг ерөөе.

Ж.БАЯНЦАГААН гуайн  Уул намайг хүлээдэг, би уулаа үгүйлдэг ярилцлагыг сонирхоорой.