Logo
UFE
2024-09-24

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

СЭЗИС-ийн Салбар дундын судлалын тэнхимийн дэд профессор, доктор Жаргалсайханы Оюунтунгалаг маань 2024 оны 9-р сарын 23-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын боловсрол, хууль эрх зүйн салбар, гэр бүл, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь нөхөж баршгүй гарз тохиолоо.  

Бидний хайрт хамтран зүтгэгч, багш, шүүгч Жаргалсайханы Оюунтунгалаг нь 1978 онд Улаанбаатар хотод төрж, 1995 онд 10 жилийн 3-р дунд сургууль, 2001 онд ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургуулийн Эрх зүй, эдийн засгийн факультетэд суралцаж Хуульч мэргэжил эзэмшсэн. Тэрээр 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн магистр, Япон улсын Нагояагийн их сургуульд 2007 онд Хууль зүйн магистр, 2010 онд Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Монголын Бурхан шашны их сургуулийн Оройн дээд дамжааг 2023 онд дүүргэсэн, орос, англи, япон хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн оюунлаг эрдэмтэн шүүгч байлаа. 

Шүүгч Ж.Оюунтунгалаг хуульч мэргжилтнийхээ хувьд Монгол улсын хуулийн салбарт тасралтгүй 24 жил ажиллахдаа 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн төсөл хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012 оноос Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Тэрээр Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн, Япон улсын Кэйогийн их сургуульд зочин профессороор ажиллаж, салбартаа олон чухал ажлуудыг санаачлан, удирдан зохион байгуулдаг манлайлагч байлаа.   

Профессор Ж.Оюунтунгалаг судлаач багшийнхаа хувьд 2002-2019 онд МУИС, ДХИС, МУБИС-д  багшлаж олон мянган шавь нараа сурган хүмүүжүүлж, эрдэм судлалын ажлыг нь удирдан чиглүүлж өөрийн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагаа түгээн дэлгэрүүлсэн соён гэгээрүүлэгч бөгөөд 2019 оноос өнөөг хүртэл Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Салбар дундын судлалын тэнхимд дэд профессороор ажиллаж байв. Энэ хугацаандаа Бизнес ба эрх зүйн магистрын хөтөлбөрийг эрх зүйч болон бусад мэргэжилтнүүдэд зориулан ялгаатай агуулга, арга зүйгээр боловсруулан батлуулж, амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн ахисан түвшинд Иргэний эрх зүй, Харьцуулсан иргэний эрх зүйн  хичээлүүдийг заахын сацуу бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын судалгааны ажил олныг удирдан хамгаалуулжээ.  

Ж.Оюунтунгалаг иргэн, эдийн засаг, бизнесийн болон харьцуулсан эрх зүйн чиглэлээр дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд 33 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн, илтгэл хэлэлцүүлж, Иргэний эрх зүй I Ерөнхий анги, Иргэний эрх зүй  II Гэрээний үүрэг, Иргэний эрх зүйн онолын асуудал, Харьцуулсан иргэний эрх зүй сурах бичгүүдээ олны хүртээл болгон эрдмийн ажлаа идэвхитэй бүтээн туурвисан  өндөр эрэмбийн профессор юм. Тэрээр иргэн болон бизнесийн салбарын 20 орчим хуулийн төсөл боловсруулах ажилд гар бие оролцож, тэр дундаа иргэний эрх зүй, үнэт цаасны эрх зүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт, сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлөх асуудал, итгэл эвдэх замаар хөрөнгөжихийн эсрэг иргэний эрх зүйн хамгаалалт, төрийн бус байгууллагын эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага, шүүхэд маргаан шийдвэрлэхэд хуулийг тайлбарлан хэрэглэх үзэл баримтлал зэрэг чиглэл, сэдвүүдээр судалгаа хийж бүтээлүүдээ туурвижээ. 

Бидний хамтран зүтгэгч Ж.Оюунтунгалаг маань Монгол улсын боловсрол, хууль эрх зүйн салбарт эрдэм боловсрол, мэргэжлийн өндөр ур чадвар, зарчимч, шударга, хүнлэг сайхан зан чанараараа тодоос тод гялалзаж, энэ салбарын түүчээ нь болж, мэргэжлийнхээ үнэ цэнийг үргэлж өндөрт өргөсөн, чадварлаг хуульч, эрдэмтэн судлаач, сурган хүмүүжүүлэгч байлаа.  

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж ХЗДХЯ-ны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ. 

Профессор Ж.Оюунтунгалаг нь сургуулийнхаа сургалт, судалгааны ажилд жинтэй хувь нэмэр оруулж, олон сайн шавь нараа сурган хүмүүжүүлж, СЭЗИС-ийнхаа түүхт 100 жилийн ойдоо Ж.Оюунтунгалаг доктор “Харьцуулсан иргэний эрх зүй, УБ 2024” сурах бичиг, Олон улсын мэргэжлийн өндөр түвшинд хянагддаг импакт фактор бүхий сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн зэрэг амжилт, бүтээлээрээ бэлэг барьсан юм. 

Хамт олондоо түшигтэй, нэр хүндтэй, хамтран зүтгэгч Ж.Оюунтунгалаг таныг бид үргэлж санан дурсаж, санаачлан эхлүүлсэн сургалт, судалгааны ажил, үйл хэргийг тань үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Түүнийхээ эцэг, эх, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.  

  СЭЗИС-ИЙН ЗАХИРГАА, ХАМТ ОЛОН 

  2024-09-23