“Санхүү Эдийн Засгийн Их Сургууль” болон “Монголын Электрон Спортын Холбоо” ТББ, “ИФАЙВ ХАБ” ХХК нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС), Монголын Электрон Спортын Холбоо ТББ (MESA) болон EFIVE HUB ХХК гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь Монгол Улсад электрон спортын боловсролыг академик байдлаар албан ёсоор эзэмшүүлэх, багийн менежментийг удирдах хүний нөөцийг системтэй хөгжүүлэх зорилготой бөгөөд олон улсын жишгийн дагуу дотооддоо анхдагч жишээ болж байна.
Талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана:
- Электрон спортын менежментийн хөтөлбөр болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх;
- Хамтарсан эвент, тэмцээн, уралдаан зохион байгуулах;
- СЭЗИС-ийн оюутнуудыг EFIVE HUB болон MESA-ийн гишүүн байгууллагуудад дадлагажуулах, ажлын байранд зуучлах;
- Хөтөлбөрийн төгсөгчдөд СЭЗИС, MESA, EFIVE HUB-ийн хамтарсан батламж, сертификат олгох;
- Хамтарсан сурталчилгаа, брэндинг, нийгмийн хариуцлагын кампанит ажил өрнүүлэх зэрэг болно.
СЭЗИС нь энэхүү түншлэлээрээ дамжуулан шинэ үеийн технологид суурилсан сургалтыг илүү хөгжүүлэх зорилт тавьж байна. MESA-гийн зүгээс Монголын электрон спортын салбарын анхдагч холбооны хувьд салбарын хүний нөөцийн бодлого, мэргэжлийн багуудын мэргэжилтэн, менежерүүдийг бэлтгэхэд хамтрах болсондоо таатай байгаагаа илэрхийлсэн юм.
Энэхүү санамж бичиг нь гурван талын оролцоотойгоор 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд жил бүр хамтын ажиллагааны хэрэгжилтийг дүгнэж, дараагийн шатны хөгжүүлэлтийг төлөвлөх юм.