ХУСТАЙН БЦГ-Т ТАНИН МЭДЭХҮЙ, СУДАЛГААНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Аялал жуулчлал”-ын хөтөлбөрт суралцагч оюутнууд мэргэжлийн хичээлийн интеграцийн хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газарт нэг өдрийн онол, дадлага хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Аяллын үеэр тус хамгаалалтын газрын мэргэжилтнүүд оюутнуудад Хустайн БЦГ-ын үүсэл хөгжил, хамгаалалтын менежмент, байгаль хамгааллын бодлого, тогтвортой аялал жуулчлалын зохион байгуулалтын талаар сонирхолтой, мэдээлэл сайтай лекц уншив. Мөн зорин очих газрын менежментийн сайн туршлага, аялал жуулчлалын оролцоо, орон нутгийн иргэдийн амьжиргаанд үзүүлж буй эдийн засгийн үр нөлөө зэрэг бодит кейсүүдийг танилцуулав.
Хустайн БЦГ-т жил бүр зохион байгуулагддаг байгаль хамгаалал, аялал жуулчлалын чиглэлтэй эвент арга хэмжээ, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх олон талт оролцооны үүргийг судаллаа.
Сургалтын аяллын хүрээнд оюутнууд байгальд ээлтэй аяллын зарчмыг баримтлан зэрлэг амьтад ажиглах аялалд оролцож, дэлхийд ховордсон Тахь, буга, тарвага, зурам зэрэг амьтдыг ажиглах аяллыг хийв. Биологийн олон янз байдлыг хамгаалах ач холбогдлыг ойлгоход чухал нөлөө үзүүлсэн бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд жуулчин төвлөрдөг хэсгийн хог хаягдал болон тахийн хомоол цэвэрлэж сайн дурын үйл ажиллагаанд нэгдлээ.
Энэхүү сургалтын аялал нь оюутнуудад зөвхөн мэдлэг олгохоос гадна байгаль хамгааллын менежментийн үнэ цэнийг ойлгуулсан аялал байлаа.
Санхүү Эдийн засгийн их сургуулийн MAPLESS клуб уг аяллын ерөнхий зохион байгуулагчаар ажиллав.

