Logo
UFE
2026-05-19

Ирээдүйг илүү ногоон, илүү хариуцлагатай болгох жижиг алхмууд өнөөдрөөс эхэлдэг

Ирээдүйг илүү ногоон, илүү хариуцлагатай болгох жижиг алхмууд өнөөдрөөс эхэлдэг

Ирээдүйг илүү ногоон, илүү хариуцлагатай болгох жижиг алхмууд өнөөдрөөс эхэлдэг. СЭЗИС-ийн Нийгмийн инновацын 2-р курсийн оюутнууд энэ үзэл санааг бодит ажил болгон хэрэгжүүлж, байгальд ээлтэй шийдлүүдээ танилцууллаа. Энэ удаад оюутнууд 4 өөр төрлийн эко бүтээгдэхүүн гаргаж, “ухаалаг, хариуцлагатай худалдан авалт”-ыг уриаллаа. 

Metop brand : Өдөр тутмын хэрэглээг илүү байгальд ээлтэй болгохыг зорьжээ. Монгол уламжлалт сур, арьсыг ашиглан усны савны зүүдэг уут, дарсны сав бүтээсэн нь авч явахад хялбар, бас загварлаг шийдэл болж чадсан байна. 

Rewear brand: Хуучин хувцсанд шинэ амьдрал бэлэглэж байна. Хэрэглэгчид өөрийн дуртай, дурсамжтай хувцсаа өгөөд, тэр материалаар цүнх эсвэл totebag хийлгэх боломжтой. Ингэснээр эд зүйлсийн үнэ цэнийг дахин мэдрүүлэхийг зорьжээ. 

INNOBEAN баг: Кофены шаарыг зүгээр хаяхгүйгээр ашиглаж, аяганы суурь, цэцгийн ваар зэрэг жижиг бүтээлүүд хийсэн байна. Энэ нь байгальд хортой метан хий үүсэхээс сэргийлэхэд чиглэсэн санаачилга юм. 

NUDEL REPAPER STUDIO: Цаасны хаягдлыг дахин боловсруулж, анхилуун үнэртэй захидлын цаас үйлдвэрлэжээ. Тус бүтээгдэхүүн нь зөвхөн хэрэглээ биш, сэтгэл зүйд тайвшруулах мэдрэмж төрүүлэхийг зорьдог онцлогтой. 

Ирээдүйдээ ээлтэй шийдэл бүтээж буй Нийгмийн инновацын оюутнууддаа талархал илэрхийлье. 

Хэрэв та эдгээр бүтээгдэхүүнийг сонирхож байвал багуудын Instagram хуудсаар зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авч, захиалга өгөх, хамтран ажиллах боломжтой.