Logo
UFE
2026-10-02

СЭЗИС-н шинэ багш, ажилтны Тангараг өргөх ёслол зохион байгуулагдлаа

СЭЗИС-н шинэ багш, ажилтны Тангараг өргөх ёслол зохион байгуулагдлаа

Санхүү эдийн засгийн их сургуулийн 34 дэх удаагийн Тангараг өргөх ёслол 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр UG Palace-д ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. 

СЭЗИС-ийн уламжлал, үнэт зүйл, оюутнуудын амжилт, бахархлыг онцлохын зэрэгцээ үе үеийн багш, төгсөгч, шинэ үеийн оюутнуудыг нэгтгэх зорилготой Тангараг өргөх ёслолыг энэ хичээлийн жилээс эхлэн шинэ агуулгаар өргөжүүлэн СЭЗИС-ийн ТУЗ-ын дарга, доктор профессор Р.Амаржаргалын санаачилгаар “UFE Оюутны бахархлын өдөр” болгон зохион байгуулж эхэллээ.  

Морин хуурын аялгуу эгшиглэн, СЭЗИС-н ректор, доктор, профессор Б.Мөнхбаяр нээлтийн үг хэлж, шинэ багш нар эрдмийн хамт олны нэгэн хэсэг болон ажиллах, шинэ оюутнууд их сургуулийн оюутан болж, эрдэм мэдлэг, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн суралцахаар багш, оюутны тангарагаа өргөлөө. 

Ёслолын үйл ажиллагааны “UFE Бахархал” хэсэгт сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, сурлага, эрдэм шинжилгээ, урлаг, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнууд болон 2025–2026 оны “Оюутан-цэрэг” хөтөлбөрт амжилттай хамрагдсан оюутнуудыг онцлон алдаршууллаа.  

СЭЗИС-ийн суралцагч, 22 насандаа Монгол Улсын заан цол хүртсэн Батбаярын Сундуйжавдаа СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Р.Амаржаргал хүндэтгэл үзүүлж, суралцах хугацааны Оюутны бахархлын тэтгэлгийг гардууллаа.  

Түүнчлэн СЭЗИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ баг сүүлийн жилүүдэд амжилтаа ахиулж, 2025–2026 онд оюутны лигт сургуулийнхаа түүхэнд анх удаа аваргалсан бөгөөд 2026–2027 онд Азийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Энэ жилээс баг “СЭЗИС-ийн Хүлэгүүд” буюу “UFE BRONCOS” нэртэйгээр тэмцээнүүдэд оролцохоор болсон юм. 

Мөн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт 2026 онд СЭЗИС-ийн 87 оюутан амжилттай хамрагдаж, цэргийн мэргэжил олгох сургалтад суралцан, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн байна. Арга хэмжээний үеэр тэдний төлөөллийг хүндэтгэн тайзнаа урьж, амжилтыг нь урамшуулж нийт оюутнуудтай хуваалцлаа. 

Ийнхүү “UFE Оюутны бахархлын өдөр” нь зөвхөн шинэ оюутнуудын тангараг өргөх ёслолоор хязгаарлагдахгүй, СЭЗИС-ийн түүх, уламжлал, үнэт зүйл, оюутнуудын амжилт, багш-оюутны залгамж холбоо, шинэ үеийн нөхөрлөлийг нэг дор нэгтгэсэн арга хэмжээ боллоо. 

“UFE Оюутны бахархлын өдөр”-ийг Салбар дундын судлалын тэнхим, Бакалаврын сургалтын алба, Захиргаа нийцлийн алба хамтран зохион байгуулж, арга хэмжээнд оролцсон ахмад багш, эрдэмтэн багш, ажилтан, төгсөгч, оюутнууд хамтдаа энэхүү онцгой өдрийг бүтээлээ.