ЖОНБҮГ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАЖ БУЙ 5 ОЮУТАН “БИДНИЙ ИРЭЭДҮЙ–1000” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРЛАА

БНСУ-ын Жонбүг Үндэсний Их Сургууль (Jeonbuk National University)-д оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцаж буй Аялал жуулчлалын хөтөлбөрийн таван оюутан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит “Бидний ирээдүй–1000” тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай шалгарлаа.
Аялал жуулчлалын 3 курсийн оюутан Б. Буяндэлгэр, Б. Оргил, Б. Эмүжин, А. Ивээл, Э. Эрдэнэмөнх тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч тус бүр 1000$ тэтгэлэг гардан авлаа.
“Бидний ирээдүй–1000” тэтгэлэгт хөтөлбөр нь залуучуудын боловсрол, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, гадаадын их, дээд сургуулийн сургалтын орчинд суралцах боломжийг дэмжих зорилготой хөтөлбөр бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Жонбүг Үндэсний Их Сургуульд солонгос хэлний бэлтгэлд хамрагдах, оюутан солилцооны болон сургалтын үндсэн хөтөлбөрт оролцох боломжтой юм.
Оюутнуудын хувьд энэхүү тэтгэлэг нь олон улсын академик орчинд суралцахын зэрэгцээ мэргэжлийн мэдлэг, гадаад хэлний чадвараа дээшлүүлэх, боловсролын тогтолцоо, соёлтой танилцах, цаашдын мэргэжлийн хөгжилд шаардлагатай мэдлэг, туршлага хуримтлуулах боломжийг олгож байна. Тэтгэлэг нь оюутнуудын сурч хөгжих хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй сургуулийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, суралцагчдад олон улсын боловсролын боломжийг нээх үйл ажиллагааны нэгэн бодит илэрхийлэл болж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!

