СЭЗИС дээр Солонгос -Mонголын хөгжлийн төв нээлтээ хийлээ
2023 оны 2-р сарын 28-ны өдөр СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн профессор Доктор Ким Ён Рэ-гийн санаачилгаар Солонгос- Монголын хөгжлийн төв СЭЗИС дээр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд сургуулийн проректорууд, алба, нэгжийн удирдлагa, ахисан түвшний профессорууд болон багш, ажилтнууд оролцсон ба төвийн нээлтэд баяр хүргэн ТУЗ-ийн дарга, доктор профессор Р. Амаржаргал мэндчилгээ дэвшүүлсэн юм. Солонгосын талаас Сөүлийн үндэсний их сургуулийн cоциологийн тэнхимийн эмерит профессор, Азийн төвийг үүсгэн байгуулагч, доктор Хюн-Чин Лим “Шинэ хүйтэн дайны дундах Зүүн хойд Ази” гэдэг сэдэвтэй илтгэл тавьж, тус төвийн хүлээлт, үүргийн талаар оролцогч олонтой санаа бодлоо солилцон хүүрнэлдэв. СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн профессор, тус төвийн анхны захирал, доктор
Ким Ён-Рэ Солонгос, Монгол хоёр улс олон талаар харилцан бие биеэ нөхөх стратегийн ач холбогдолтой бөгөөд хоёр орны цаашдын хөгжлийн нөөц бололцоо байгааг цохин тэмдэглээд шинээр нээгдэж байгаа энэхүү төвийн алсын харааг Солонгос, Монгол хоёр орны хөгжилд мэдлэг бүтээх, хуваалцах платформ гэж тодорхойлсон юм. Мөн уг төв нь Солонгосын түншүүдтэй хамтран судалгааны төсөл, мэдлэг хуваалцах хөтөлбөр, мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдийг боловсруулах зэрэг зорилгодоо хүрэхийн тулд БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, Монгол дах Солонгосын нийгэмлэгийн мэргэжилтнүүд, Монгол дах холбогдох судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах зорилттой гэдгээ илэрхийлсэн байна.